Токиогийн Олимпыг 2021 оны зун зохион байгуулахаар боллоо

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах нар Токиогийн Олимпын наадмыг ирэх оны зун зохион байгуулахаар тохиролцжээ.

“Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах миний саналыг ОУОХ-ны тэргүүн бүрэн дүүрэн дэмжсэн” гэж Абэ Шинзо өнөөдөр Т.Бахтай утсаар ярьсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн талууд Олимп болон Паралимпын наадмыг цуцлахгүй гэдэгт санал нэгдсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Орчин үеийн Олимпын наадмыг 1896 оноос зохион байгуулж эхэлснээс хойш хойшлуулж байсан удаагүй хэдий ч 1916, 1940, 1944 онд дайны улмаас цуцалж байсан юм.