Хоёр сар зогсоод байсан экспортын нүүрс тээвэр Гашуунсухайтын боомтоор өнөөдрөөс эхэллээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу ЗТХЯ, АТҮТ ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, МХЕГ, автотээвэр эрхлэгч компаниуд хамтран Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг хангуулан тээврийг эхлүүллээ.
Ингэхдээ тээврийн хэрэгслийг явах, очих 2 талын цэгт ариутган халдваргүйжүүлж, жолооч нарыг бүхээгээс нь гаргалгүй буцааж байх зохицуулалтыг БНХАУ-ын талтай хийж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нүүрсний экспорт хоёр сар зогсоод байсан юм.
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч нар, зохицуулагч оператор, диспитчерүүд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.
Түүнчлэн нүүрсийг чингэлгэт тээврээр хийж байгаа нь нүүрсийг хаягдалгүй тээвэрлэх эдийн засагт хэмнэлттэй, мөн байгаль орчинд ээлтэй болж байна. Ийм шаардлага хангасан компаниудын автомашиныг тээвэрлэлтэд явуулж эхлээд байна.