Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсад 130206 иргэн орж ирсэн. Үүнээс 8480 иргэнийг зохион байгуулалттай татан авсан. 15 удаагийн агаарын хөлгийн татан авалтаар 3315, төмөр зам, авто замаар 5007. Зөвхөн сүүлийн долоо хоногт 1070 хүнийг Монгол Улсад татан авчирсан байна. Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон хөдөө орон нутагт 27 цэгт 2029 хүн тусгаарлах байранд байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант, Эх саран сувилал болон зочид буудлуудад байрлуулж байна. Өнөөдрөөс эхлэн өвчтэй хүмүүсийг Нэгдүгээр төв эмнэлэгт байрлуулж байна. Алтанбулаг боомтоос татан авсан хүмүүсээ хойд аймгуудад тараан байрлуулж байгаа.
Шадар сайд ОХУ-д байгаа оюутнуудыг дахин татан авах үүрэг чиглэл өгсөн. Өдөр нь тодорхой бус байгаа. ОХУ-д байгаа оюутнуудын мэдээллийг авч дараагийн татан авалтаа төлөвлөж байна. Мөн Энэтхэг улс руу дахин нислэг хийхээр төлөвлөж байна. Өдөр нь тодорхой болоогүй байна. Дараагийн нислэгийн бэлтгэлээ хангах үүргийг Шадар сайд өгсөн. Мөн БНХАУ-аас ирэх хүсэлтийг иргэд гаргасан. Тиймээс татан авах ажиллагааг зохион байгуулна. Иргэдээ татан авах ажил тасралтгүй хийнэ" гэлээ.