Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ тавдугаар сарын 17-19-ны хооронд Авлигатай тэмцэх газрын цахим системд бүртгүүлэх үүрэгтэй.
2020 оны тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улс төрийн нам, эвсэл, бие даагч 670 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн. Өнөө өглөөний байдлаар 342 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлж, баталгаажуулсан байна.
Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх “УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 17-19 хүртэл АТГ-ын цахим хаягаар нэвтэрч, ХОМ-ээ өгөах хуулийн зохицуулалт хийсэн. Нам, эвслүүд сонгуульд нэр дэвших хүмүүсийнхээ нэрийн жагсаалтыг СЕХ-д хүргүүлсэн. СЕХ-оос мэдээллийг нь гаргаад нэр дэвшигчдийн ХОМ-г авч байна. Нэр дэвшигчид ХОМ гаргах хугацаа өнөөдрийн 24.00 цагаар дуусгавар болно. Тэгэхээр энэ хугацаанд нэр дэвшигчид ХОМ-ээ АТГ-ын цахим сайтад мэдүүлж баталгаажуулах ёстой. Тавдугаар сарын 19-ны 00:00 цаг хүртэл ХОМ-ийг нь хүлээж аваад, тавдугаар сарын 20-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд нэгтгэсэн жагсаалтыг бид өгөх юм.
Тойрог бүрээс хэдэн нэр дэвшигч ХОМ-ээ өгсөн, цахим системд хэдэн хүн мэдээллээ бүртгүүлсэн зэрэг лавлагаа гаргана. Бидний өгсөн лавлагааг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн нэр дэвшигчээ албан ёсоор бүртгэх юм. Үүнээс хойш бид хуулийн дагуу зургадугаар сарын 2-нд цахим системээс хөрвүүлэлт хийж, бүх нэр дэвшигчийн ХОМ-ийн хураангуйг олон нийтэд мэдээлнэ” гэв.