УИД-ийн 181 сая төгрөгтэй дүйцэхүйц 15 тонн барааг устгажээ

УИД ХК-д  энэ сарын 7-ны өдөр  гарсан түймэртэй холбоотойгоор тэнд байсан бүх төрлийн барааг устгалд оруулж эхэлсэн билээ. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн байцаагчид зургадугаар сарын 8-ны өдрөөс зургадугаар сарын 12-ы өдрүүдэд дээрх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд  УИД  ХК-ийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан “Номин тав трейд” ХХК-ийн “УИД” супермаркет болон 1, 4, 7 дугаар давхарт талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан 47 аж ахуйн нэгж, иргэний хүнс, хоол, гоо сайхан, эмийн санг хамруулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хүүхдийн бараа, эм, гоо сайхны бараа  гэхчлэн нийт 92 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 130 дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн дээж авчээ.

Улмаар  хадгалалтын горим зөрчигдсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй  нийт 2937 нэр төрлийн 655.500 ширхэг, 12350.9 кг, 399.34 литр, нийт 181886.67 /Нэг зуун наян  нэгэн сая найман зуун наян зургаан  мянга зургаан зуун далан/ төгрөгийн 15.770 тонн бүтээгдэхүүнийг устгалын журмын дагуу устгасан байна.