10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.15/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд 2061  хүн ажиглалтад байна. Ажиглах байранд шинээр таван хүн нэмэгдэж есөн хүн гэрийн тусгаарлалтаас гарлаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5328 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ЭМЯ-ны 24 цагийн  119 шуурхай утсанд   165 дуудлага иржээ. Гадаадын АНУ, БНСУ, Швед улсаас  манай улсын гурван иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

Гэрийн ажиглалтад гарсан хүмүүс сонгуульд оролцох боломжтой ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Хүнс эрхлэгчдэд анхааруулсан зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсан. Мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг худалдааны төвүүд халдвараас сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Иргэдээ тусгай үүргийн үүргийн онгоцоор татан авах ажлыг УОК-ын шуурхай штабаас зохион байгуулж байгаа. Гэрийн тусгаарлалтад гарсан хүмүүс сонгууль өгнө.

ХӨСҮТ-ЫН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Өнгөрсөн 24 цагийн дотор 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэсэн хүмүүсийн найм нь оюутан, 49-65 насны хоёр хүн 17-55 өдрийн турш эмчлэгдэж, гарлаа. ХӨСҮТ-т эмчлэгдэж байсан элэгний хавдартай хүн коронавирусийн халдвар авсан байсан нь эмч нарын санааг зовоож байсан ч өнөөдөр эдгэрч, гарсанд их баяртай байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 132 хүн тандалт, хяналтад байна.