Долдугаар сарын эхний хагаст хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын онцгой комисс өнөөдөр 24 дүгээр хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар ирэх сард хийх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг батлуулсан байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн УОК-ийн хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдийг татаж авах дараагийн төлөвлөгөөг батлууллаа.

Энэ сард тусгай үүргийн 9 нислэг хийхээр төлөвлөсөн. Харин долдугаар сард өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын дунд хүртэл сунгах чигтэй байгаа. Албан ёсны шийдвэр гараагүй ч сунгах чигтэй байгаа учраас Гадаад харилцааны яам долдугаар сарын эхний хагаст хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг батлууллаа.

Долдугаар сарын 2-нд- Сөүл

Долдугаар сарын 4-нд- Токио

Долдугаар сарын 7- Сөүл

Долдугаар сарын 9 -Турк улсын Стамбул хот руу нислэг үйлдэж Турк болон Европт байгаа иргэдийг татаж авна.

Долдугаар сарын 15-нд- Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэж транзитаар ирсэн иргэдийг татаж авна.

Долдугаар сард өндөржүүлсэн бэлэн байдлыг хэрхэн сунгах, ямар горим хэрэгжүүлэх тодорхой шийдвэр гараагүй байгаа учраас дараагийн хагаст аль чиглэлд нислэг үйлдэх шийдвэр гаргаагүй байгаа. Тэгэхээр долдугаар сарын эхний хагаст таван нислэг хийхээр төлөвлөөд байна.

БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 164 иргэн байгаа. Эдгээр иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүдээр татан авах шийдвэр гаргасан. Мөн ОХУ-аас ирэх хүсэлтэй иргэдээ ойрын хугацаанд авто замаар татан авахаар ажиллаж байна” гэлээ.