Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Рэнцэндагвын Давгыг “Нэг өдөр” буландаа урив. Нийслэл Улаанбаатар хотод улсын хүн амын тэн хагас нь төвлөрөн сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 67 хувийг бүрдүүлж байна. Хүн ам, эдийн засгийн төвлөрлийг дагаад шийдэл хүлээсэн олон бэрхшээл шил даран гардаг. Тиймээс хотын хөгжлийг зөв зүгт залахын тулд оновчтой шийдвэр гаргаж, ухаалаг арга хэмжээ авах учиртай. Нийслэлийн амьдралын замыг заах чухал үүрэг хүлээсэн ИТХ хэмээх багийг тэрбээр удирддаг. Р.Дагва анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажилласнаас хойш орон нутгийн засаг, захиргааны ажилтай “ханилжээ”. Тэрбээр 2008 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Засаг даргын орлогчоор нь ажилласан байна. Улмаар НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон, сүүлийн хоёр жилд даргын албыг хашиж буй нэгэн. Ингээд түүний өнгөрсөн долоо хоногийн баасан гаргийн ажлын өдрөөр “аялна” уу.
08.45 цаг. Хотын “номер нэг” олны нэрлэдгээр “Сансарын колонк” орчим, хуучин “Эрэл” дунд сургуулийн урд талын 12 давхар орон сууцанд амьдардаг аж. Энэ өдөр цэнхэр амны хаалт зүүж, саарал хослол дээрээ хар хөх өнгийн цув давхарласан түүнтэй гэрийнх нь үүдэнд танилцлаа. Хотын захиргаанаас тусгайлан гаргаж өгсөн хар тэрэгний хаалгыг татан сууж, хавхийтэл хааснаар түүний шинэ өдрийн ажил эхэлдэг ажээ.
09:00 цаг. ИТХ-ын дарга ажлын цаг эхлэхтэй зэрэгцэн Сүхбаатарын талбайн баруун талд байх, бидний сайн “таних” хотын захиргааны байр руу нэвтэрлээ. “Ковид-19” өвчин дэлхий нийтэд тархаж, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, онцгой дэглэм тогтоосон үеийн горимын дагуу биеийнхээ халууныг хэмжүүлээд өрөөгөө зүглэв. Тэрбээр хотын захиргааны байрны гурван давхарт, хүрэн модон тавилгатай өрөөнд ажил хэргээ явуулдаг аж. Арваад сандал тойруулан тавьсан зууван ширээний хоймор талд бичиг, цаас дэвхийтэл хураажээ. Мөнөөх бичиг, цаасны арын сандалд тухлан ажлын төлөвлөгөө, зарим нэг албан бичиг харж суух зуурт нь түүнтэй илүү “дотно” танилцлаа.
Р.Дагва монголчуудын сайн, муутай нь гадарлах зартай улстөрч биш. Ерөнхийдөө их улс төрд битүү морь. Танил биш хүн өндөр албан тушаалд суухад манайхан “Энэ нөхөр хаанаас гараад ирсэн юм бэ” гэж “шохоорхдог”. Тэрбээр “Долоон буудал”-аас гараад иржээ. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат аав, Дундговийн Адаацагт төрсөн ээж хоёрын дундаас мэндэлсэн бор хүү Долоон буудалд эмээгийнхээ гар дээр хүн болжээ. Борог амьдралдаа дэм болохоор хөрш өвөө нараа дагаж, шүүрний өвсөнд явдаг байж. Өвс түүгээд, шүүр хийхэд нь тусална. Ингээд хөлсөнд нь хоёр шүүр авна. Түүнийгээ мөнөөх өвөө нараа гуйж заруулна. Арав, таван төгрөгийг нь эмээдээ өгч амьдралд нь нэмэр болно. Хоёр үнээгээ хариулах, саах, сүүг нь боловсруулах ажлыг толгой даан хариуцна. Тэрбээр борог амьдрал туулсан учир юмаар дутах, гачигдах, өлсөх, цангахын зовлонг бишгүй үзсэн гэнэ. Хайлаастын 17 дугаар дунд сургууль төгссөн хүү 1984 онд гурван жилийн цэрэгт татагджээ. Ардын армиас халагдаж ирээд одоогийн “Монгол кино” үйлдвэр, хуучнаар Улсын киноны ерөнхий газарт кино зургийн техникчээр ажилд оржээ. Техникч гэдэг нь киноны дүрс бичлэгийн хальс угаадаг ажил. “Мандухай цэцэн хатан”-аас өгсүүлээд бидний үзэх дуртай Монгол, Зөвлөлтийн олон киног олшруулж, хальсыг нь угаасан тэрбээр 1991 онд ажлаасаа чөлөөлөгдөж, наймаачин болохоор шийджээ. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин, төрийн албан хаагчид хүртэл ажлаа орхин “ганзага”-нд явж байсан шуурга түүнийг дайрах нь тэр. Р.Дагва “Би Москва, Бээжин хоёрын хооронд ганзагын наймааг хийсэн шиг хийсэн” гэв. “Гахай” хэмээх том цүнхийг мөнгөөр дүүргэж, Москвагийн том дэлгүүрүүдээс юмны үнэ асуухгүй худалдан авдаг байсан хүн “Хийсэн шиг хийсэн” гэж ярилгүй ч яах вэ. Ганзагын наймаанд явахаа больж, найзтайгаа хамтран компани байгуулан, “Choco pie” жигнэмэг гадаадаас оруулж ирсэн үе ч байжээ. Мөн уушийн болон цэнгээний газар ч ажиллуулж үзсэн гэнэ. Гэтэл 1999 онд хүнд өвчин тусаж, 2001 онд хагалгаанд орсон аж. Биеэ илаарштал хэвтэрт шахам байсан тэрбээр 2004 онд хөл дээрээ босжээ. Өвдсөн үед амьдрал нь задгай мөнгөө тоолох хүртэл дордсон гэнэ.
Бие нь бүрэн эдгэрэхэд тэрбээр 2004 оноос МҮОНТ-ийн хүний нөөцийн албанд, дараа нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах болсон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Ц.Батбаяр тэргүүтэй найзууд нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нэрээ дэвшүүлэхийг ятгаж, түүнийг 2008 онд улс төрийн “тогоо” руу түлхжээ. “Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг би улстөрч гэж ярих дургүй. Амьдарч суугаа орон нутгийнхаа төлөө л санаа тавьж байгаа хүмүүс шүү дээ” гэж ярих түүнээс амбийц ханхлахгүй бололтой. Тэрбээр “Архангайн уугуул гэж аавынхаа нутгаар овоглох дуртай” гэлээ.
09.25 цаг. ИТХ-ын дарга 10.00 цаг хүртэл иргэдтэй уулздаг хэвшил болсон хуваарьтай гэнэ. Долоо хоногийн ажлын эхний өдрүүдэд олон хүн уулзах хүсэлт гаргаж, хотын захиргааны байрны үүдийг сахидаг байна. Р.Дагва “Жижиг ч бай тулгарсан асуудлыг хамгийн том даргад нь хэлж байж санаа амардаг буруу хандлага манайхнаас ажиглагддаг” гэсэн юм. Түүнтэй уулзахаар Чингэлтэй дүүргийн иргэн Цогоо хэмээх ахмад ирлээ. Цэргийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан тэрбээр “Урт цагаан”-д жижүүр хийхийн зэрэгцээ марафон гүйлтээр хичээллэдэг гэнэ. “Та цэргийн хүн, би цэргийн хүн” хэмээн яриандаа байсхийгээд тодотгол хийх настан “Шагнал урамшуулал олгохдоо хорооны дарга нар иргэдэд ялгавартай хандаж байна. Мөн гүйж явахад автобусны буудлуудын шилийг хагалсан байхтай их таарах юм. Автобусны буудлуудыг эзэнтэй болгоё. Автобусны жолооч хувьдаа мөнгө авахыг болиулах шаардлагатай байна. “Урт цагаан”-ыг шуурхай арга хэмжээ аваад буулгах хэрэгтэй” гэсэн санал хэллээ. Даргатай уулзах түүний гол шалтгаан ахмадуудын марафон гүйлтийг санхүүжүүлээч гэсэн хүсэлт байжээ. Ахмад марафончид зун Улаанбаатараас гарч, Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар тойрч гүйх тэмцээн зохион байгуулдаг аж. Мөнөөх эрхэм тэмцээний зардлаа шийдүүлэх хүсэлт болон тооцоогоо албан бичгээр авчирснаа даргад өгөөд, “Эмнэлэгт хүн эргэх ажилтай” гээд яаран босов. Өрөөнөөс гарах зууртаа “Та санхүүжилтийг нь шийдэж өгөхийг бодоорой” гэж дахин гуйлаа.
10.00 цаг. Өглөөний шуурхай хуралдаан эхэллээ. Хуралдаанд НИТХ-ын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр, Иргэний оролцоо, олон нийтийн харилцааны хэлтсийн дарга М.Чинбат нар оролцов. Р.Дагва өмнөх өдрийн амжуулсан ажлуудтай танилцаад, зарим зүйлийг тодруулан асуув. Ингээд хэлтсийн дарга М.Чинбатад ирэх долоо хоногт уулзах хүсэлт гаргасан иргэдийг хуваарилан, ямар асуудал тавихыг урьдчилан тодруулж, хэрхэн шийдвэрлэх боломжтойг нь нийслэлийн харьяа байгууллагуудаас лавлахыг үүрэг болголоо. Түүнчлэн хэлтсийн дарга А.Анхбаярт УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх нийслэлийн эрх зүйн байдалтай холбоотой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуульд өгөх саналд анхааралтай хандахыг захив.
Үндсэн хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор нийслэлтэй холбоотой 20 гаруй хуульд өөрчлөлт оруулах гэнэ. Энэ удаагийн хаврын чуулганаар Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж. Үндсэн хуулийн 57.2-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж, 57.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж шинэчлэн найруулсан. Үндсэн хуульд ийнхүү өөрчлөлт оруулснаар нийслэл хот санхүүгийн болоод бусад эрх мэдлээ хэрэгжүүлэх заалтуудыг органик хуульд тусгах боломж бүрдсэн гэж Р.Дагва тодотгосон юм. Мөн тэрбээр “Улаанбаатар хот төсөв шүтсэн 28 жилийн гунигт амьдралаасаа салах цаг болсон. Одоо хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллаж, асуудлаа шийдвэрлэх арга замыг төрөл бүрээр эрэлхийлж, амьдрах аргаа өөрчлөх хэрэгтэй” гэж ярилаа.
10.40 цаг. “Нэг өдөр”-ийн баатар маань Жагсаалын дарга, бага дарга нарын холбооны тэргүүний хувиар нийслэлийн Онцгой комиссынхонд дархлаа сайжруулах цай гардуулах ёслолд оролцлоо. Цэргийн алба хаах хугацаандаа бага дарга цол авч, жагсаалын дарга байсан хүмүүс өнгөрсөн жил холбоо байгуулж, түүнийг тэргүүнээрээ сонгожээ. Р.Дагва цэргийн алба хаахдаа бага дарга цолтой, жагсаал даргалаад жавхалзаж явсан гэнэ. Тус холбооноос таван сая төгрөгийн үнэ бүхий цайг Онцгой комиссынхонд гардуулан өгсөн юм. Тэрээр “Эх орон, мөн чанар гэж юу байдгийг илүүтэй мэдэрдэг, цэргийн жинхэнэ алба хаасан өрхийн тэргүүн, аавуудаас энэ хүнд цаг үед өчүүхэн зүйлийг хандивлаж байна” гэж хэлэв.
11.05 цаг. Холбооныхоо нөхөдтэй хэсэг хөөрөлдсөн Р.Дагва дарга 11.00 цагаас товлосон хуралдаа бага зэрэг хоцорч орлоо. Олон улсын хүүхэд, залуучуудын “Ногоон наадам”-ыг 2021, Зүүн Азийн залуучуудын наадмыг 2023 онд зохион байгуулах зорилгоор байгуулсан “Улаанбаатар спорт менежмент” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тэрбээр ажилладаг юм байна. Энэ удаа ТУЗ-ийн гишүүд нь тус компанийн 2019 оны санхүүгийн гүйцэтгэл, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтцийг батлахаар цуглажээ. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор “Ногоон наадам”-ыг нэг жилээр хойшуулах санал гаргаад буйг тус компанийн удирдлага танилцуулав. Тэднийхэн “Ногоон наадам”-ын зохион байгуулалт хийгээд бусад гурван танилцуулгыг хийж ТУЗ-ийн гишүүдийнхээ сонирхсон асуултад хариулсан.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 3, 13, 15 дугаар заалтыг сурталчлахаар “Ногоон наадам” зохион байгуулах болжээ. Эдгээр нь хорт зуршлаас ангид, ногоон, хүнлэг байх зорилт юм. Тиймдээ ч дээрх гурвыг Тогтвортой хөгжлийн зорилгод ногоон өнгөөр тэмдэглэдэг. Наадмын нэр ч үүнээс улбаатай аж. Наадмын сүлд тэмдгийг балжингарав цэцгийн хэлбэрээр, тогтвортой хөгжлийн 17 зорилтыг илэрхийлэх өнгүүдээр дэлбээг нь буджээ. Маскот буюу наадмын бэлгэ тэмдгийг таван хошуу малынхаа төлүүдээр хийх болсон байна. Уг наадамд оролцогчид спортын 26 төрлөөр өрсөлдөнө. Спортын төрлүүдийн дүрслэлийг хийхдээ хадны зургийн элемент ашигласан байлаа. “Улаанбаатар спорт менежмент” компанийн Ерөнхий зохион байгуулалтын газрын дарга Ц.Бат-Энх “Монголын брэнд наадам бий болгох зорилготой ажиллаж байна” гэсэн юм. “Ногоон наадам”-д НҮБ-ын гишүүн бүх орны 16-18 насныхан оролцох боломжтой агаад 40-50 орны 3600 орчим тамирчин, дасгалжуулагч ирнэ гэж таамаглаж байгаа аж. Танилцуулгыг сонссон Р.Дагва “Наадмын сүлд, бэлгэ тэмдэгт үндэсний онцлогоо шингээсэн нь сайхан санаа байна. Монголын брэнд болсон наадам болгох санаачилга зөв. Хүн сайхан намтар бүтээж амьдрах учиртай юм. Эргээд харахад өөрт төдийгүй Монголд сайхан намтар үлдэнэ гэж бодож, хичээж ажиллаарай” гэж захив. Ингээд санхүүгийн болон үйл ажиллагааны танилцуулгыг сонирхож баталлаа. ТУЗ-ийн даргын хувьд “Тэрбээр ТУЗ компанийн үйл ажиллагааг ямагт дэмжинэ. Усан спортын ордон барих зэрэг хувийн хэвшлийнхний гүйцэтгэж буй ажилд сайтар анхаар. Спортын тэмцээн хийх барилга байшингуудыг хугацаанд нь амжиж ашиглалтад оруулах ёстой. Мөн хандив цуглуулах ажилдаа сайтар анхаар” гэж зөвлөснөөр хурал тарлаа.
12.50 цаг. Хоёр цаг шахам хуралдсан тэрбээр энгийнчлэн нэрлэдгээр гуравдугаар эмнэлэг орж, аавыгаа эргэхээр хотын захиргаанаас баруун тийш хөдөллөө. Аав нь хэд хоногийн өмнө зүрхний хагалгаанд оржээ. Үдийн цайны цагаар хувийн ажлаа амжуулж буй нь энэ юм.
14.10 цаг. Бид Хүүхдийн парк буюу Хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэнгийн үүдэнд зогсож байв. Аавтайгаа уулзаж байх зуурт нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан утас цохиж, “Бодь” группийнхэн Хүүхдийн паркийг шинэчлэх төслөө танилцуулъя гэнэ. Хоёул хамт очъё” гэжээ. Ингээд түүнийг ирэхийг хүлээгээд албаны зарим хүнээс урьдчилан мэдээлэл аваад зогсож буй нь энэ. С.Амарсайхан дарга удалгүй ирж, хоёул оффис руу нэвтэрлээ. “Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан тэднийг хүлээн авч уулзав. Хүүхдийн паркийг эзэмшигч компанийн хувьцааны 74 хувийг “Бодь” групп, 26-г нь нийслэл эзэмшдэг. Иймээс хамтрагчдаа ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөснөө танилцуулж буй хэрэг. Хүүхдийн паркийг шинэчлэх план зургийг гаргажээ. Залуучуудад зориулсан тоглоом, үйлчилгээний газрууд шинээр байгуулах гэнэ. Нийт 170 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Хүүхдийн паркийн газар дээр уламжлалт өв соёлын “Түмэн эх” чуулга үйл ажиллагаа явуулдаг. Уг чуулгын тоглолтын танхим 180 суудалтай. Тэгвэл 400 суудалтай танхим барьж, “Түмэн эх” чуулгад менежментийн гэрээгээр ашиглуулах гэнэ.
15.40 цаг. Хүүхдийн паркаас хөдөлж, хотын төвийн “Блю скай” тауэрийн дөрвөн давхарт байрлах “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-ын хурлын танхимд очлоо. Р.Дагвын хамгийн их хэлдэг “Амьдрах аргаа өөрчлөх хэрэгтэй” гэсэн үгийг бодит ажил болгохоор зүтгэж байгаа учраас “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-ынханд НИТХ-ын дарга ихээхэн анхаарал тавьдаг гэнэ. НИТХ-аас Улаанбаатар хот амьдрах аргаа өөрчлөх 23 төсөл хэрэгжүүлэх чиглэлийг хөгжлийн корпорацад өгчээ. Хотын шинэ удирдлага хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, хамтран ажиллах төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчим хэрэгжүүлж ажиллаж буй. Энэ нь хувийн хэвшил хөрөнгө гаргаж бүтээн байгуулалт хийгээд, хожим төр мөнгийг төлдөг түншлэлээс огт өөр ойлголт. Хот бизнесийн боломжийг нээж өгнө. Харин хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийнэ. Ингээд хот нийгмийн, хувийн хэвшил бизнесийн үр ашгийг нь хүртэх түншлэл. Нөгөөтээгүүр, хот, хувийн хэвшил хамтраад тулгамдсан асуудлаа үр ашигтайгаар шийдвэрлэж буй хэлбэр юм.
Тус корпорацын гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан “Улаанбаатар такси каб” төслийг хамгийн эхэнд танилцуулав. Хөгжлийн корпорац хувийн хэвшилтэй хамтраад, стандарт хангасан тоолууртай, GPS-тэй дэлхийн томоохон хотуудын жишигт дүйсэн 5000 такси үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгааг дуулгалаа. Энэ онд багтаагаад 200 такси оруулж ирэхээр хөрөнгө оруулагч компанитай тохиролцжээ. Мөн “Авто зогсоолын менежмент” төсөл хэрэгжүүлж буй. Улаанбаатар хотын Их тойруу дотор автомашины зогсоол хийж болох 16 600 газар байгааг судалгаагаар тогтоосон байна. Энэ онд багтаан 3000 цэгийг ижил стандарттай, богино хугацаат төлбөрийн менежменттэй авто зогсоол болгох аж. Хөрөнгө оруулагч тодорхой болсон бөгөөд одоогоор ажил гэрээ байгуулах шатандаа явж буй гэнэ. Мөн “Цахилгаан автобус” төсөл хэрэгжүүлж байгаа аж. Хувийн хэвшлийнхэн БНХАУ-аас цахилгаан автобус оруулж ихээр ажиллаж эхэлжээ. Үүний зэрэгцээ “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ жил хотын төвийн 18 сургуулийн хүүхдийг тээвэрлэх 200 автобус оруулж ирэх юм байна. Түүнчлэн хог хаягдлын менежментийн төсөл хэрэгжүүлэхээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 компанитай хэлэлцээ хийж байгаа гэнэ.
“Петровис” компанитай тэднийхтэй хамтран гэр хороололд ахуйн үйлчилгээний төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр тохирчээ. Тус компанийн ТУЗ уг төслийг хэрэгжүүлэхэд зориулж, нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төсөв баталснаа уламжилсан байна. Одоогоор хоёр тал компаниа байгуулахаар ажиллаж байгаа аж. Эхний ээлжинд 2-3 цэгт ахуйн үйлчилгээний төв нээх гэнэ. Гэр хорооллын айлууд хэрэглээний усныхаа 80 хувийг хувцсаа угаахад зарцуулж байгааг тогтоожээ. Ингээд угаалгын нунтаг, савантай усаа гудамжинд асгаж хөрс бохирдуулдаг байна. Ахуйн үйлчилгээний төв голлон хувцас угаах үйлчилгээ үзүүлэх юм байна. Нийслэлийн хувийн хэвшилтэй хамтран хөрсний бохирдлыг бууруулах нэг шийдэл энэ.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-ынхан хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах суурь судалгаа хийгээд Буянт-Ухаагаас Хөшигийн хөндийн хороонд гурван чиглэлээр ажиллах чөлөөт бүс байгуулж болох нь гэсэн дүгнэлт гаргаснаа дуулгав. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төслүүдийн танилцуулгыг сонссон Р.Дагва “Илүү хурдтай ажиллах шаардлагатай байна. Шийдвэр гаргуулах шаардлага гарвал шууд холбогдоорой” гээд тэндээс гарч, албан тасалгаа руугаа алхлаа.
17.10 цаг. Өдөржин зав, чөлөөгүй ажилласан Р.Дагва цайлж, хэсэг амсхийх зууртаа “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-д хөндөгдсөн эдийн засгийн чөлөөт бүсийн сэдвээр дэлгэрэнгүй яриа өрнүүллээ. Улаанбаатарын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь түүний ажил, амьдралын амбийц гэнэ. Бизнес хийж бужигнуулж явахдаа МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр хожим “Их засаг” их сургуульд эрх зүйн, Удирдлагын академид төрийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалжээ. Харин одоо тэрбээр докторын зэрэг хамгаалахаар “Их засаг” их сургуульд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах судалгаа хийж байгаа аж. Р.Дагва “Би Буянт-Ухаагийн урд талын Алдар толгойн оройд эдийн засгийн чөлөөт бүсийн гэрэлт цамхаг босгоно гэж мөрөөддөг” гэлээ.
Буянт-Ухаагаас Хөшигийн хөндий хүртэлх хурдны зам дагасан орон зайд гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулах чөлөөт бүс байгуулах боломж харагджээ. Эдийн засгийн чөлөөт бүсэд нэгдүгээрт, олон улсын санхүүгийн болон энтертайнмент, хоёрдугаарт, үйлдвэрлэл, инновац, гуравдугаарт, тээвэр, логистикийн төв байгуулах боломжтой аж. Эдийн засгийн чөлөөт бүс нь татваргүй байдгаараа онцлогтой. Тэрбээр “Энэ бол Улаанбаатараас хоёр цагийн нислэгийн радиуст байгаа 300 сая хүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах чөлөөт бүс байна” гэж тодотгов. Мөн тэрбээр “Бид аз жаргалтай хот бий болгоно гэж яриад байгаа. Хүн наад захын хэрэглээгээ хангаж чадахуйц тогтмол орлоготой болсон үедээ тайван, аз жаргалтай болдог. Тэгвэл хотоо аз жаргалтай болгохын тулд иргэдээ өндөр орлоготой болгох ёстой. Иргэдийг өндөр орлоготой болгоход чөлөөт бүсийн үүрэг оролцоо чухал гэж боддог” хэмээлээ. Дэлхийд амжилттай хөгжиж буй чөлөөт бүсүүдийг судлахад дэд бүтцийн зангилаа цэгт байрладаг нь анзаарагджээ. Буянт-Ухаа, Хөшигийн хөндий орчим агаар, авто, төмөр замын тээврийн зангилаа газар учраас эдийн засгийн чөлөөт бүс байгуулах бүрэн боломтой гэж тэрбээр үздэг гэнэ.
17.40 цаг. Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Мөнхжаргал түүнд хийж буй ажлаа танилцуулахаар тасалгаанд нь орж ирэв. Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандангийн айлуудыг энэ жил инженерийн шугам сүлжээнд холбох ажил эрчимтэй үргэлжилж байгаа гэнэ. Цэвэр, бохир усны шугамыг нь татсан бол дулааныхыг энэ жил хийж дуусгах юм байна. Д.Мөнхжаргал дарга зураг харуулан, хийж буй ажлаа тайлбарлав. Инженерийн шугам татсаны дараа айлуудыг нүүрс түлэхийг хориглох гэнэ. Үүнээс гадна нийслэлийн нам даралтын 3000 уурын зуухны тоног төхөөрөмжийг шинэчилж, хий, цахилгаанаар ажиллуулдаг болгох төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эл хоёр төслийг хэрэгжүүлэх нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй гэсэн.
Түүнчлэн Д.Мөнхжаргал Туул голын дагуу иргэд, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх автомашины зогсоол, үйлчилгээний газруудтай бүс байгуулах санал гаргаж буйгаа НИТХ-ын даргад дуулгалаа. Шинээр байгуулах бүсийн зураг төслийг харсан Р.Дагва “Болохгүй юмгүй. Хотын хөрөнгө оруулалтаар байгуулбал дараа ашиглалтын зардал гэж том асуудал болно. Автомашины зогсоолыг хотын хөрөнгө оруулалтаар хийж болно. Харин үйлчилгээний газруудыг хувийн хэвшилтэй хамтран байгуулах талаар судлах хэрэгтэй” гэж зөвлөсөн юм.
18.30 цаг. НИТХ-ын даргын энэ өдрийн ажлын уулзалт, хурал дуусаж, бичиг цаасныхаа ард суулаа. Тэрбээр албан бичигтэй танилцах, гарын үсэг зурах ажилд өдөрт хамгийн багадаа бүтэн цаг зарцуулдаг гэсэн. Р.Дагва зав чөлөө гарвал ажилтнуудынхаа өрөөгөөр орж, цайг нь хувааж ууж, чихрээс нь “хороох” дуртай аж. “Дарга хүн ноён зангүй байх ёстой. Гарахаараа машин уначихаад, орохоороо бүгдийг нь өрөөндөө дуудаж уулзаад байж болохгүй. Хааяа ажилтнуудынхаа өрөөгөөр орж болно шүү дээ” гэж ярих тэрбээр найз нөхдийнхөө нөлөөгөөр МАН-д элсээд, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, энэ зам руу орчихсон гэсэн. Түүнээс биш, аль намд элсвэл ашигтай бол, карьераа яаж дээшлүүлэх боломжтой вэ гэж сонжиж яваагүй гэдгээ ярьсан юм. Түүнийг төр, захиргааны өндөр албан тушаалд хоёр ч удаа томилох санал тавихад өрсөлдөөн үүсэж, журмын нөхдийнх нь дунд цав гарч мэдэхээр байсан учраас татгалзжээ. Бусадтай адгаж өрсөлдөлгүй, голын урсгалыг дагаж хөвсөн ч тэрбээр өнөөдрийн албан тушаалд хүрсэн. Үүнийгээ “Долоон буудлын борог амьдралтай хүүг нийслэлийн “номер нэг” хүн болно гээд бурхан төөргийг зурчихсан юм байлгүй” гэж тайлбарласан. Р.Дагва бичиг цаасаа уншин, өрөөндөө үлдэв.
Эх сурвалж: Өнөөдөр сонин