Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг элүүлэх хугацаа, зохион байгуулалтын хэлэлцэн шийдвэрлэлээ.
УОК-ын өчигдрийн хуралдаанаар, бүх шатны сургалтын байгууллагын сургалтын байгууллагыг есдүгээр сарын 1-нээс нээх эсэх асуудлыг хэлэлцэж, зарим үе шат, дэс дараалал, зохион байгуулалтыг дахин боловсруулах чиглэл өгсөн. Энэ дагуу ажлын баг бүх шатны сургууль, цэцэрлэгийг эхлүүлэх зохицуулалтыг дахин боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлж, батлуулав.
Тодруулбал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл есдүгээр сарын 14-нөөс, их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 5-наас эхлэх боллоо.
Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах аж. Ингэхдээ, сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр явуулах юм. Сурагчид өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдэд теле хичээл орохоор болсон байна.
Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 1 хүртэл мөрдөх бөгөөд COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов.