Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас НҮБ-ын Хүүхдийн сан болон Korea child fond олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр өнгөрсөн гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн 24 цагийн цэцэрлэг, бүлэгт хамрагддаг хүүхдүүдийн гэр бүлд 2-5 насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын эрсдэлийг бууруулж, таатай орчин бүрдүүлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдын ойлголтыг нэмэх, тэднийг чадавхжуулах богино хугацааны төслийг хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулсан бөгөөд эхний ээлжинд 24 цагийн цэцэрлэгт хоёр удаа нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Учир нь нийслэлийн хэмжээнд 24 цагаар хүүхдийг асран, сурган хүмүүжүүлдэг 18 цэцэрлэгт 1962 хүүхэд хүмүүждэг юм. Тэгвэл онцгой нөхцөл байдлын үед 24 цагийн цэцэрлэгт хамрагддаг хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа, амьдарч байгаа орчин нөхцөл нь эрсдэлгүй эсэхийг тандах зорилгоор нийслэлийн 28, 63, 76, 94, 100 дугаар цэцэрлэгийн 291 хүүхдийн ар гэрт үнэлгээ хийсэн. Үнэлгээний дагуу эцэг эхчүүдэд нь зориулсан хүүхдийн аюулгүй байдлыг үнэлэх болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хоёр төрлийн зөвлөмжийг хүргүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэн ажилласан юм.
Улмаар хүүхдийг болзошгүй эрсдэлээс хэрхэн хамгаалж байгаа талаархи хоёр дахь үнэлгээг гуравдугаар сарын 23-наас эхлэн зохион байгуулсан. Ингэхдээ гэр орны орчин нөхцөлийг хэрхэн эрсдэлгүй байлгаж байгаа талаарх эхний үнэлгээгээр 5 цэцэрлэгийн 291 хүүхдийн мэдээлэл авч боловсруулалт хийсэн. Гэр бүлд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл хариу арга хэмжээ авсны дараах хоёр дахь үнэлгээгээр 5 цэцэрлэгийн 492 хүүхдийн мэдээллийг авсан юм. Үнэлгээний хүрээнд хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцөлийн эрсдэлийг бууруулж ахиц дэвшил гарган ажилласан.
Төслийн хүрээнд хийсэн бас нэг томоохон ажил гэвэл дээрх 18 цэцэрлэгийн хүүхдүүдийн дундаас хамгийн эрсдэлтэй байж болзошгүй 42 хүүхдийн судалгааг БСШУСЯ-аас ирүүлсний дагуу Дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүд ар гэртэй нь ажиллах төлөвлөгөө гаргаж, дэмжлэг үзүүлж, хүүхдийн нөхцөл байдлыг үнэлэн байнгын хяналттай ажиллаж байгаа юм.
Мөн гамшиг онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах, хүүхдийг ахуйн хүрээний ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэл, халдвараас хамгаалах зорилгоор 5 цэцэрлэгээс өөрсдийн тодорхойлж ирүүлсэн амьдралын нөхцөл тааруу 20 хүүхдийн ар гэрт дэмжлэг хүргэх ажлыг дээрх төслийн хүрээнд зохион байгууллаа. Ингэснээр цэцэрлэгүүдийн тодорхойлж ирүүлсэн амьдралын нөхцөл тааруу хүүхдүүдийн ар гэрт ахуйн хэрэглээний зүйлээр дэмжлэг үзүүлж, айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцаж, хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөө мэдээллийг түгээн ажилласан юм.
Түүнчлэн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, стресс менежмент, бага насны хүүхдийн сэтгэлзүй сургалтыг дөрөвдүгээр сарын 09 өдөр, сонгогдсон 5 цэцэрлэгийн багш, аргазүйч, эрхлэгчид зориулсан цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар удирдан явуулсан.
Дээрх сургалтад 31 багш, аргазүйч, эрхлэгчийг хамрагдсан бөгөөд сургалтаас авсан мэдлэг мэдээллээ эцэг эхчүүдэд хүргэх ажлыг цэцэрлэг бүр зохион байгуулж байна.