“Төрийн албаны шинэтгэл-Ёс зүйн хандлага” сэдэвт Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг “Итгэл даах төрийн алба” уриан дор Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байна.
/2020.09.10/ эхэлсэн зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, нээж үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдсэн гээд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилт дэвшүүлснийг тэмдэглэсэн юм.
Мөн зөвлөгөөний нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкоп, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар үг хэлэв.
Үргэлжлүүлэн “Монгол төрийн ёс зүйн уламжлал”, “Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлийн ажиллах нийтлэг журмын төсөл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын хөтөлбөр, арга зүй”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтийн үнэлгээ”, “Ёс зүйн зөрчил-Ажлын байрны дарамт” сэдвүүдээр эрдэмтэн багш нар, судлаачид, Төрийн албаны зөвлөлийн холбогдох албан тушаалтан зэрэг хүмүүс илтгэл тавьж, илтгэлийн сэдвүүдийн дагуу оролцогчдын санал бодлыг сонсох хэлэлцүүлэг өрнүүллээ.
Нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулснаар гарах үр дүнгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн ажиллах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ёс зүйн зөрчлийг шалган тогтоох, хариуцлага ногдуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг төлөвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэн шийдвэрлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох, УИХ-ын 2020 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөлд оролцогчдын санал бодлыг тусгах зэрэг ач холбогдолтой болно гэж үзэж байна.
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагын асуудалд маш их анхаарч байгаа. Хуучин Ёс зүйн дэд хороо зөвхөн УИХ-ын гишүүдийн ёс зүй, хуралдааны ирц, дэг, хөрөнгө орлоготой холбоотой тодорхой асуудал хариуцдаг байсан бол одоо Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болж өргөжсөнөөр төрийн нийт албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагатай холбоотой асуудлыг хамаарах болсон” гэв.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1-т “Төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан хаагчдад төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах” тухай заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд зөвлөгөөнийг зохион байгуулж байгааг хэллээ.
Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагууд, яам агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн үйлчилгээний байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нэгдсэн зөвлөгөөнд биечлэн оролцож буй бол Улсын хэмжээнд Zoom программ ашиглан төрийн шат шатны байгууллагын албан хаагчид болох 5000 гаруй хүн онлайнаар оролцож байна.
Нэгдсэн зөвлөгөөн гурван өдөр үргэлжлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.