Энэ жилийн номын баяр энэ сарын 19-нээс 10 дугаар сарын 4-нд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор болох гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр" тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор зохион байгуулж, ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр орон даяар болох аж.
Тодруулбал, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний болон хотын төв номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн төв номын сан, их, дээд сургуулиад, боловсролын байгууллага, хэвлэлийн компаниудтай хамтран, номын баярын өдрийн нээлтийн ажиллагаа 9 дүгээр сарын 19-ний бямба гарагт 11 цагаас нийслэл, аймаг орон нутагт нэгэн зэрэг эхэлнэ.
“Номын баяр-2020”-ын хүрээнд ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилгоор:
- Номын үзэсгэлэн худалдаа,
- "Ном бид хоёр" бүх нийтийн хөдөлгөөн,
- Ном солилцоо,
- Зохиолч уншигчдын уулзалт,
- Сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр,
- Шинэ номын танилцуулга,
- Уран уншлага,
- Номын баатруудын театрчилсан тоглолт,
- Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ явагдаж аж.
Мөн ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр МЗЭ-тэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагааг явуулах талаар зохион байгуулагчид мэдээллээ.
Энэ жилийн номын баярын онцлог нь бүх нийтийн ном уншлагыг идэвхжүүлэх зорилгоор “Ном бид-2” ном уншлагын нийтийн хөдөлгөөнийг “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг төрлөөр сонирхолтой уралдаануудыг цахим орчинд өрнүүлнэ.
"COVID-19"-ийн цар тахлаас сэргийлэх талаар ЭМЯ-наас гаргасан шийдвэр, журам, зөвлөмжийн дагуу хүмүүсийг нэг дор олноор төвлөрөл үүсгэхгүй байх, иргэдэд ном, хэвлэлийн худалдаа үйлчилгээг ойртуулах зорилгоор нийслэлийн 9 дүүрэгт номын үзэсгэлэн, худалдаа болон бусад үйл ажиллагааг “Номын баяр-2020”-ын баярын хүрээнд “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.