Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас түгжрэл бууруулах 32 саналыг дэвшүүлжээ. Энд:
- Ажилтан, ажилчдын нэгдсэн тээврийн үйлчилгээг түлхүү нэвтрүүлэх,
- Cургууль цэцэрлэгийн хичээл болон албан байгууллагуудын ажил орох, тарах цагийг зөрүүлэх,
- Хотын 4 зах хэсэгт 2 мянган авто машины томоохон зогсоол барьж, орон нутгийн дугаартай авто машинуудыг нийслэлд нэвтрүүлэхгүй байх зэрэг санал орж байна.
Тодруулбал, 08.00 цагаас сургууль, цэцэрлэгүүд, 08.30 цагаас хувийн хэвшлийн ААН, байгууллагын ажилчид, 09.00 цагаас их, дээд сургуулийн оюутнууд зорчих байдлаар цагийн зохицуулалтаар шат дараатайгаар замын хөдөлгөөнд оролцуулах, мөн худалдаа, үйлчилгээний түгээлтийн машинуудыг ажлын бус цагаар явуулах, нүхэн гарц, гүүрэн гарцын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн камерын ухаалаг системийн технологийг нэвтрүүлснээр хотын төв рүү торгууль болон зөрчилтэй, татвараа төлөөгүй, гэмтэл эвдрэлтэй автомашиныг нэвтрүүлэхгүй байх, нэвтэрсэн тохиолдолд өндөр торгууль хүлээлгэдэг байдал руу шилжих гэж буйг мэдээллээ.
Хотын захад барих автозогсоолын тухайд хөдөө, орон нутгаас ирж буй жолооч нар машинаа тавьж, жолооч өөрөө нийтийн тээвэрт сууж, нийслэлд орж ирэх боломжоор хангах аж. Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас замын хөдөлгөөний түгжрэл бууруулах дээрх шийдлийн саналаа Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэрлэх юм.
Дээрх саналаас гадна замын хөдөлгөөнд жолооч нар автомашин, тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд тавих, зогсох, буруу байрлуулах, эгнээ байр буруу эзлэх, гар утсаар ярих, нийтийн тээврийн автобуснууд буудалдаа орж зогсохгүй байх зэрэг жолооч нараас шалтгаалсан зөрчлүүд түгжрэлийн 20 хувийг бий болгож буйг ТЦА-наас судалгаагаар гаргажээ.
Сүүлийн 5 жилийн судалгаагаар нийслэлд иргэдийн 80 гаруй хувь нь өдөртөө бүтээх ажлынхаа зөвхөн гуравны нэгийг амжуулж байгаа гэсэн дүн гарчээ. Энэ байдал Улаанбаатар хотын түгжрэл ямар түвшинд очсоныг харуулж байгааг мэргэжилтүүд хэлж байна. Суудлын 200 мянган машинаар тооцсон судалгаагаар Аи-92 бензин хэрэглэдэг нэг автомашин түгжрэлээс болж цагт 1328 төгрөгийн шатахууныг үр дүнгүй зарцуулж, энэ нь мөнгөн дүнгээр нийт тээврийн хэрэгслээр тооцоход өдөрт 265 сая төгрөг, жилд 53 тэрбум төгрөг болж ДНБ-ний 2.9 хувийг эзэлж байна.
Олон улсын түвшинд дээрх хэмжээ ДНБ-ийн 2 хувиас давсан тохиолдолд замын түгжрэл хурцадмал байдал орсон гэж үздэг байна. Бусад орны судалгаанаас үзэхэд 11 сая автомашинтай Токио хотын нийт оршин суугчдын 90 хувь нь метрогоор, 6-хан хувь нь автомашинаар зорчдог бол 9 сая автомашинтай Бээжин хотын иргэдийн 34 хувь нь автомашинаар явдаг байна. Тэгвэл Улаанбаатар хотын нийт оршин суугчдын 69 хувь нь автомашинаасаа салж чаддаггүй, гүнзгий хэрэглээнд оржээ.