Нийслэлийн газар зохион байгуулалтын алба (НГЗХА)-наас Улаанбаатар-Дарханы автозамын трасст орсон иргэн, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлж байна. Газар чөлөөлөх ажил 92 хувьтай байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны /ЕСБХБ/ санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 220 км хатуу хучилттай зам, замын байгууламжийг өргөсгөн шинэчлэх ажил өрнөж байна. Энэ хүрээнд нийслэлээс баруун аймаг уруу салах уулзвар буюу Сонгинохайрхан дүүргийн 21, 32 хорооны нутаг дэвсгэр "Хар модотын ар" хүртэлх 37.26 км замын трасст нийтдээ иргэн, аж ахуйн нэгжийн 139 нэгж талбар өртжээ.
Энэ талаар НГЗБА-ны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Д.Энхтөр, “Улаанбаатараас Дархан хүртэлх замыг өргөсгөн шинэчлэх ажлын зургийн дагуу анх 2017 онд трасст орсон аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөхөөр зөвшилцөж ирсэн. Гэтэл энэ сарын 14-нд замын хоёр талыг 5 метрээр өргөсгөж тооцсон шинэ зураг ирсэн тул Манай хэлтэс болон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас суурин болон хээрийн судалгааг шуурхай хийж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн бөгөөд одоо дуусах шатандаа ороод байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг, “Нийслэлээс баруун аймгууд руу хэвтээ тэнхлэгийн дагуу замыг шинэчлэх нь бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Дархан Эрдэнэтийг чиглэсэн дамжин өнгөрөх автомашины урсгал хэд дахин нэмэгдэх боломжтой болно. Үүнийг дагаад худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны салбар хөгжиж, ажлын байр шинээр бий болох зэрэг эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой” гэв.