Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулахаар бэлтгэж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл хийж байна.

Ингэснээр санхүүгийн ажилтан нягтлан бодогч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхэд сар бүр 3-7 өдөр зарцуулж, нийгмийн даатгалын хэсэгч биеэр аваачиж баталгаажуулах ажил цахим болно гэсэн үг.

Даатгуулагч иргэд ч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхэд цаг зарцуулахгүйгээс гадна нийгмийн даатгалын нэг байцаагч сар бүр дунджаар 7500-8000 нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулахад 7-8 өдөр зарцуулдгийг багасгах юм.

Иргэд мэдээллээ гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшн суулгаж, ndaatgal.mn цахим хуудас, төрийн үйлчилгээний E-Mongolia вэб хуудаснаас, мөн төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас авах боломжтой.

ХНХЯ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нийгмийн хамгааллын салбарыг цахимжуулах зорилтыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт /З-НД, Б-НД/ хөтлөх журмыг шинэчлэн, ҮСХ-гоор зөвшөөрүүлж, Сангийн яамтай хамтран баталж, ХЗДХЯ-ны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ.