Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг цахимаар зохион байгуулна

Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил цахимаар зохион байгуулах болсон талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос мэдээлэв.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 14-нд тогтоол баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын эгнээг өргөжүүлэх, орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, энэхүү оюуны спортыг залуу үедээ өвлүүлж сургах зорилгоор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгож зохион байгуулж ирсэн. Харин цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 9 дэх удаагийн уламжлалт тэмцээнийг энэ жил цахимаар зохион байгуулахаар шийдвэрлээд байгааг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар хэллээ.

Харин Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат Монголын шатрын холбоо 2020 онд тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан цахимаар олон удаагийн тэмцээн зохион байгуулсан. Энэхүү туршлагадаа тулгуурлан цахимаар явуулахаар тохиролцож, бэлтгэл ажлыг хангаад байгааг дурдлаа.

Уламжлалын дагуу УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос хамтран зохион байгуулах Шатар сонирхогчдын тэмцээний хагас шигшээ тоглолтыг 2021 оны 01 дүгээр сарын 16-17-нд аймаг, нийслэлийн шатрын холбоод орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар болж, өнөөдрөөс бүртгэлийг эхлүүлээд байгаа аж. Тэмцээнийг lichess.org флатформоор зохион байгуулах тул бүртгүүлсэн иргэдийг тухайн хаягаар нэвтрэн хувийн хаягаа нээхийг анхаарууллаа.

Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь Эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг тусад нь зохион байгуулах гэж буй явдал юм. Эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хагас шигшээ, шигшээ гэсэн хоёр үе шаттайгаар, аймгууд болон нийслэлийн дүүргүүдийг дөрвөн бүс болгож явуулна. Харин эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг хагас шигшээгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 24-нд зохион байгуулах юм байна.

Уламжлалын дагуу уг тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн 1 жилийн хугацаанд чансаа нь 2000 (эмэгтэй шатарчдын хувьд 1800)-аас хэтрээгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид lichess.org платформд бүртгүүлж, вэбкамер бүхий комьпютер ашиглаж оролцох боломжтой аж.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнээс шалгарсан 40 шатарчин болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрладаг бусад төрийн байгууллагуудаас урилгаар 24 хүртэл шатарчин 2021 оны 01 дүгээр сарын 24-нд болох шигшээ тэмцээнд оролцож, 8 өрөг тоглож аваргаа тодруулна. Харин эмэгтэй шатарчдын шигшээ тэмцээн энэ сарын 23-нд болох юм.

Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн шатарчдад Улсын Их Хурлын даргын Өргөмжлөл, мөнгөн шагнал, эмэгтэйчүүдийн төрөлд шагналт шагналт байр эзэлсэн, мөн түрүү байр эзэлсэн ахмад шатарч, чансаа 1800 (эмэгтэй 1600) хүртэл болон чансаагүй шатарчин, түшээ нарт УИХ-ын Тамгын газрын Өргөмжлөл, тусгай шагнал олгох юм.