УОК-ын дарга С.Амарсайхан ковидын шинжилгээ авч байгаа БЗД-ийн 142-р сургууль дээр очиж, шинжилгээ авч буй нөхцөл байдалтай танилцлаа.
Хоёрдугаар сарын 11-23-н хүртэлх хугацаанд нийслэлд хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авахаар болсон.
Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан “Хөл хорионы хугацаанд явуулын болон суурин шинжилгээний төвүүд ажиллана. Албан байгууллагуудыг ажилчдаа шинжилгээнд хамруулахыг уриалж байна. Улаанбаатарт байгаа 8 лаборатори ажиллана. Мөн хувийн эмнэлгүүдийг татан оролцуулна. Эрүүл яамнаас өрх бүрээс шинжилгээ авах бүх боломж байна гэсэн. Тиймээс бид нөөц боломжоо шавхаж ажиллах болно.
Өрх бүрээс шинжилгээ авахад 2,000 цагдаагийн алба хаагч, эрүүл мэндийн салбарт 280 баг ажиллана гэсэн тооцоо гарсан. Нэг баг нь дунджаар 10 хүний бүрэлдэхүүнтэй гэхээр 2800 орчим эрүүл мэндийн салбарын ажилтан шинжилгээ авахаар ажиллана.
Тандалт судалгааны дүрмийг бид эргэн харж байгаа. Шаардлага үүссэн тохиолдолд иргэдийг гэрт нь тусгаарлаж эмчлэх боломжийг ч бас судлаж байна. Тусгаарлалтад заавал 14 юм уу 10 хоног байх хэрэгтэй юу үгүй юу гээд олон улсын туршлагыг судлаж эрдэмтдийн саналыг үндэслэж шийдэл гаргана” гэлээ.