Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Оюумаа “Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай”, “Орон сууцны байрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай”, “Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай” зэрэг асуудлыг танилцуулж, хорооны гишүүдэд тайлбар, мэдээлэл өглөө. Улсын төсвийн санхүүжилтаар барьсан БЗД-ийн Насан туршийн суралцахуйн төвийн барилга, Налайх дүүргийн “Голомт цогцолбор” сургуулийн барилга, ЕБ-ын 12-р сургуулийн барилга, ЕБ-ын 31-р сургуулийн давхрын өргөтгөлийн барилга, 115-р сургуулийн өргөтгөлийн барилга болон 8 цэцэрлэгийн барилга зэрэг бусад барилга байгууламжийг нийслэлийн өмчид авах асуудлыг хэлэлцлээ.

Үүний дараа “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай” асуудлыг Улаанбаатар түншлэл төв ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал З.Батырбек танилцуулж, мэдээлэл өглөө. Улмаар дээрх асуудлуудыг хэлэлцэж Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүд НИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал:
- Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
- Орон сууцны байрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
- Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай
- Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай