Долдугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Зөрчлийн тухай хуулийн онцлох 10 заалтыг хүргэе.
ГУДАМЖИНД НУСАА НИЙВЭЛ 10 МЯНГА
Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй/ 1 нэгж 1000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ОРШИН СУУГЧДЫН АМГАЛАН БАЙДЛЫГ АЛДАГДУУЛБАЛ 100 МЯНГА
Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй / 1 нэгж 1000 төгрөг / тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ МЭДЭЭЛЛЭЭГҮЙ БОЛ 50 МЯНГА
Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй / 1 нэгж 1000 төгрөг / тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
БУСДАД ХАЛДВАЛ 100 МЯНГА
Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй /1 нэгж 1000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ БАРЬЦААЛБАЛ 25 МЯНГА
Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй /1 нэгж 1000 төгрөг/тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
СУРАГЧДАД НОМ ШАХВАЛ 20 МЯНГА
Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй /1 нэгж 1000 төгрөг / тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ЗАМ ДЭЭР МАШИНАА УГААВАЛ 50 МЯНГА
Зам, эсхүл замын байгууламж дээр автомашин угаах, худалдаа наймаа хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй /1 нэгж 1000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ХҮН ГҮТГЭВЭЛ 2 САЯ
Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй /1 нэгж 1000 төгрөг/тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ТӨМӨР ЗАМЫН ГАРАМГҮЙ ХЭСГЭЭР НЭВТЭРВЭЛ 25 МЯНГА
Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй /1 нэгж 1000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ХУУРАМЧ ДУУДЛАГА ӨГВӨЛ 25 МЯНГА
Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй /1 нэгж 1000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.