Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг өнгөрөгч тавдугаар сарын 12-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэрийг А.Гансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын байгууллагаас эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Давж заалдах шатны шүүх нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг өнгөрсөн энэ сарын 20-нд хэлэлцэх байсан ч, сонгуулийн дараа болгож хойшлуулсан юм.
Тэгвэл мөрдөн байцаалтад буцаах шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж эсэргүүцсэн прокуроруудын хүсэлтийг энэ сарын 29-ний өдөр хэлэлцэхээр болжээ.
Нийслэлийн Прокурорын газраас А.Гансүх нарын хэргийг Эрүүгийн хуулийн 148.4, 150.3, 263.2, 272.2 зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн юм. Яллагдагчдын өмгөөлөгчөөр С.Баясгалан нарын 11 хүн ажиллаж байгаа бөгөөд зарим нь өмгөөлөгчөөсөө татгалзсан байна.