Ардчилсан нам энэ сарын 28-ны өдөр нийт гишүүд, дэмжигчдийнхээ саналаар Намын даргаа тодруулахаар сунгаа зарласан билээ. Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын хэлснээр “Ардчиллын залуу үеийнхэн намаа зоригтой шинэчилж, намын даргаа сонгож, өөрчлөлт шинэчлэлт хүлээсэн мянга, мянган гишүүд дэмжигчдийнхээ урмыг хугалахгүй урагшлах, хүчтэй нам” гэдгээ нотлох цаг үе одоо ирж байна.
Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд фракцийн төлөөлөл бус эсрэгээрээ эрх мэдэл, албан тушаалаар сүлбэлдээгүй өөр нэг өнгө төрх, шинэ үеийнхэн өрсөлджээ. Намын дотоод сонгуульд нэр бүхий 18 хүн бүртгүүлснээс ердөө 4 нэр дэвшигч цаашаа явах шалгуурыг хангаж, С.Зориг агсаны хөшөөний дэргэдээс өчигдөр албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлэв. Намын дүрэмдээ нэр дэвшигчээс дэнчин авч болохгүй гэдгийг заачихсан учраас нэр дэвшигчид зөвхөн 21 аймаг, 360 сум, 9 дүүрэгт хийх онлайн сурталчилгаа, баннер, сэтгүүлийнхээ зардлыг хамтран босгож, намаа шинэчлэх аянд гарав. Өөр өөрийн өнгө төрх, өвөрмөц санаа шийдлийг гаргах энэ удаагийн сунгаа эрүүл сэтгэхүйтэй залуу үеэс бүрдсэн гэдгээрээ онцлог болж байна.
Тухайлбал, бизнесийн салбарт алдаа оноог туулж, улс төрийн түвшинд ч чансаатай улстөрч болж бэлтгэгдсэн О.Цогтгэрэл, гадаадад эзэмшсэн өндөр боловсролоо улс эх орныхоо төлөө зориулж яваа, эрдэм мэдлэгтэй цоо шинэ үеийн төлөөлөл болсон С.Эрдэнэболд, бизнес эрхлэгчдийн алдаа оноотой цаг ямагт хамтдаа явж, тэдний тод дуу хоолой болж буй О.Амартүвшин, намын дээд, доод, дунд шатанд ажиллаж, гишүүд дэмжигчидтэйгээ хамгийн ойрхон ажиллаж яваа Д.Пүрэвдаваа нарын залуусын төлөөлөл нэр дэвшиж байна. Тэд тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу. Тиймдээ ч ардчиллын өнгө төрхийг илүү өөрөөр харж, нэг, нэг фракциараа хувааж бус нийлээд шинэчлэх зорилгоо “цугтаа шинэчилнэ” хэмээн тодорхойлжээ. Монголын улс төрийн нэг тулах багана болсон АН-ын ирээдүйг тэд хэрхэн дүгнэснийг хамтдаа уншицгаая.
О.Цогтгэрэл: Бид үзэл баримтлал, үнэт зүйлээ илүү чухалчилдаг ХӨНГӨН нам болно
-Ардчилсан намд төдийгүй Монгол Улсад бүрэн шинэчлэл хийх түүхэн цаг үе ирсэн. Энэ шинэчлэлийг бүгдээрээ цуг хийж, олуулаа хөгжих болно. Нэг нам дангаар ноёрхох, бүх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэхийн тулд улайрч байна. Энэ бүхний эсрэг талд эгэл жирийн иргэдийн эрх чөлөөг хамгаалж, баялаг бүтээгчдээ өмөөрч АН л дуугарах ёстой юм. Тиймээс ардчиллыг дахин сэргээнэ. Асуудлыг цогцоор нь харж улсынхаа ч, АН-ынхаа ч агуулга, хэлбэрийг аль алиныг нь шинэчилж байж урагшилна.
Хэсгийг биш бүтнээр нь, ганцаараа биш та нартайгаа цуг шинэчилнэ. Бид байр, байшинг биш үзэл баримтлал, үнэт зүйлээ илүү чухалчилдаг “ХӨНГӨН” нам болно.
Ардчилсан нам 10 давхар байшингүй учраас ялагдаад байгаа юм биш, зуун жилийн түүхгүй учраас жижигдээд байгаа юм биш. Ардчилал, иргэний эрх, хувийн өмчийнхөө талд хэлбэрэлтгүй зогсож чадахгүй байгаа учраас л ялагдаад, хүлээлтэнд нь хүрэхгүй байгаа учраас иргэдийн итгэлийг олж чадахгүй байна гэж боддог. Үзэл баримтлалтай түүндээ итгэдэг шигшигдсэн боловсон хүчинтэй намаас маргаашийн тодорхой зорилго урган гарна гэдэгт итгэдэг.
О.Амартүвшин: Ардчиллыг хамгаалах зөв зорилгын төлөө зөвхөн УРАГШАА харна
-Бид хамтдаа шинэчлэлийг хийх ёстой. Ардчиллын таван ялалт бол ард иргэдийн таван ялалт байх юм. Нэг намын бурангуй тогтолцоо маш олон сөрөг үр дагаврыг авчирсан. Тиймээс Монголын улс төрийн хүчтэй нэг багана болохын хувьд илүү хүчтэй бэхжиж, хөгжих шаардлага бий болж байна. Энэ бол ард түмний талд маш том ялалт байх болно. Бид ялагдал юунаас болов хэмээн судалгаа явуулсан.
Ард түмэн ардчилсан үзэл санааг, эдийн засгийн эрх чөлөөг хүсэж эрмэлздэг. Гэвч үүнийг нь АН-ынхан ойлгож, үзэл санаа, зорилгынхоо төлөө нэгдэж, нийлж чадаагүй нь бидний алдаа болсон.
Шинэ үеийн залуус илүү дэвшилтэд, прагматик сэтгэж, бидэнд дутагдаад байгаа хөгжлийн орон зайг бий болгохын тулд хамтдаа урагшилъя хэмээн нийт гишүүддээ уриалж байна. Бидний ялалт бол ард түмний ялалт юм. Манай намын дүрэмд алдаа байж болно. Гэхдээ түүнийг дагахгүй байх нь хамгийн том алдаа. Засаж залруулаад бид цаашаа явах ёстой учраас шинэчлэл, эв нэгдэл, ардчиллыг хамгаалах зөв зорилгын төлөө зөвхөн урагшаа харж ажиллана.
Д.Пүрэвдаваа: Ахмад, дунд, залуу гурван цагийн ХОЛБООСОНД бат суурилсан нам болно
-Миний хувьд зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье гэсэн уриатайгаар сонгуульд өрсөлдөж байна. Богино, дунд, урт хугацааны гэж ажлаа эрэмбэлсэн. Богино хугацаанд өнөөдрийн үүсээд байгаа талцлыг нэн яаралтай шийднэ.
Бид намын дарга төвтэй намаас намын гишүүн төвтэй нам руу шилжих ёстой гэж харж байна. АН иргэдээ сонсдог, парламентад нэр дэвшигчдээ ч иргэдийн дунд нэр хүндтэй улстөрчдөөс сонгодог тогтолцоо руу явах ёстой.
Олон нийтэд нээлттэй байж, аливаа үл ойлголцлоос үүдэн намын үйл ажиллагаанд оролцох боломж нь хязгаарлагдсан бүх дэмжигчиддээ боломж олгосон нам байна. Туулсан туршлага, өнөөдрийн үнэн, ирээдүйн боломж буюу ахмад, дунд, залуу 3 цагийн холбоосонд бат суурилсан Ардчилсан нам болно. Монгол оронд Ардчилсан хувьсгалын галыг асааж, гардан хийхээс эхлээд ардчиллын манаанд өнөөдрийг хүртэл үнэнчээр зүтгэж байгаа бүх үеийн ахмадууд тэдний амжилт ололт, алдаа оноо, аль аль нь Ардчилсан намын, Монголын ардчиллын туршлага төдийгүй үнэт зүйл мөн болно.
С.Эрдэнэболд: Би “ШИНЭ Ардчилсан нам”-ыг та бүхэнд санал болгож байна
-АН-ын шинэ эргэлтийн хэцүү цаг үед намын даргын сунгаанд өрсөлдөж, зориг гаргаж байгаа нэр дэвшигчдэдээ чин сэтгэлээсээ амжилт хүсье. АН бол хүний эрх, эрх чөлөө, парламентын засаглалын төлөө явах ёстой институци гэж боддог юм. Өнөөдөр биднийг ард түмэн ярихдаа Ардын нам бол институци, Ардчилсан нам бол бүлэглэл гэж хэлдэг. Харин би бол Ардын нам илүү зохион байгуулалттай нам гэж хэлнэ. Улс орны өмнө тулгамдсан хүнд хэцүү асуудалд бодлогын шийдэл гаргахгүйгээр зөвхөн улстөржилт, популизмд үндэслэсэн шийдвэр гаргаж байгаа учраас зохион байгуулалттай нам гэж хэлнэ.
Хүний эрхийг уландаа гишгэсэн, хүч түрэмгийлсэн олон шийдвэрийн өмнөөс АН яагаад чанга дуугарч чадахгүй байна вэ. Бид дотооддоо нэгнээ үгүйсгэхэд хамаг эрч хүчээ барж байна. Бид нам доторх асуудлаа дэлхийгээр нэг цацах бус улс оронд тулгамдсан хүч түрсэн олон асуудлын эсрэг сөрөг хүчний байр суурин дээр бушуухан нэгдэх шаардлагатай байна.
Орон нутгийн сонгуулийн үр дүнд АН-д ард түмэн итгэсээр байгааг мэдрүүлсэн сонгууль болсон. Монголын ард түмэн ардчилалд хайртай. Гэхдээ хал нь гаднаа байгаа. Үүнийг зөөлрүүлэх, бодлогын тогтвортой үйл ажиллагаа манай намд чухал. Би “Шинэ Ардчилсан нам” мөрийн хөтөлбөрийг та бүхэнд санал болгож байна. Бид жинхнээсээ эв нэгдэлтэй байх ёстой юм. Ардчилалд хайртай Монголын ард түмэнд энэ нам амьд юм шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд тойрч суугаад ярих ёстой.