Хоёр дахь шатны санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулна

Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэхдээ “1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны автомат системд ирсэн.

Өчигдөр буюу санал өгөх өдөр 27 хүн нас барсан. Мөн түр хасалт хийлгэсэн 44 мянган сонгогч байсан. Үүнээс 3388 сонгогч өөрийн хэсэгтээ санал өгсөн. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 66.54 хувьтай гарлаа.

Өглөөний 9:10 минутанд хамгийн сүүлийн хэсгийн мэдээ Говь-Алтай аймгийн Цогт сумаас ирлээ. Тус хэсэг дээр асуудал гарсан байна. Тиймээс мэдээгээ дамжуулж чадахгүй байжээ. Хорлон сүйтгэх ажиллагаанаас болж нэг хэсэг мэдээгээ дамжуулж чадаагүй. Үүнийг шалгана.

  • АН-аас нэр дэвшигч -Х.Баттулга 517,478 санал буюу 38.11 хувь
  • МАН-аас нэр дэвшигч М.Энхболд- 411,748 санал буюу 30.32 хувь
  • МАХН-аас С.Ганбаатар 409,899 санал 30.19 хувийн санал авсан байна.

СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулах шийдвэр гаргалаа. СЕХ-ноос тогтоол гарсан.

Хоёр дахь шатны санал хураалтыг 2017 оны долоодугаар сарын 9-нд зохион байгуулахаар боллоо. Гадаадад байгаа сонгогчдын санал хураалт 7 дугаар сарын 4-д болно. Хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг дахин санал хураалтад оруулахаар боллоо. Хоёр дахь санал хураалтын зардлын хувьд СЕХ хэлэлцээд 7.2 тэрбум төгрөгийн тооцоо гарч байна. Үүнийг Засгийн газраас шийдүүлнэ. Энэ сонгуульд хоёр олонх гэсэн байгаа. Нийт сонгогчдын олонх нь саналаа өгсөн байх ёстой. Сонгогчдын олонхын саналыг авсан нэр дэвшигч ялна. Техникийн тооллогыг 50 хувьд нь хийсэн.

Одоогоор сонгуультай холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй байна. Хэрвээ хоёр дахь санал хураалтад сонгогчдын ирц хүрэхгүй тохиолдолд санал авах ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, УИХ-аас дахин сонгууль зохион байгуулах шийдвэр гаргах хүртэл арга хэмжээ авах юм. Өөрөөр хэлбэл дахин хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулна гэсэн үг юм” гэв.