Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаа тул иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомжгүйн улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, 44 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 10 хүүхэд, 34 нь насанд хүрэгсэд байгаа юм.
Түүнчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.
Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.