УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу ажлын баг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ. Тодруулбал, хуулийн дагаж мөрдөх хугацааг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс байхаар, хүний эрхийн хамгаалагчид хориглох үйл ажиллагааны зарим зохицуулалтыг хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төслөөр нь үлдээх талаар тус тус санал гаргасан байна.
Түүнчлэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл хороондын зөрчлийг арилгах шаардлага гарсан тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар дахин санал хураалгах нь зүйтэй гэж үзсэн байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 30-ны хуралдаанаар эл төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “арга” гэсний дараа “хэрэглэж” гэж нэмж, мөн зүйлийн 7.1.2 дахь заалтын “алдар хүнд, нэр төрийг” гэснийг “үйл ажиллагааг” гэж өөрчлөх, төслийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг “13.1.Энэ хуулийг 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” хэмээн өөрчлөн найруулахаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн. Зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, С.Одонтуяа нар үг хэлсэн.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад гишүүд дэмжлээ.
Ийнхүү хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороон шилжүүллээ.