Малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх төсөл эхэллээ

БОАЖ-ын сайд Н.Уртнасан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар орон нутгийн иргэд, малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх төсөлд гарын үсэг зурлаа.

Төслийг хэрэгжүүлснээр Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгийн иргэд, малчид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг сурахаас гадна өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ борлуулан, өрхийн амьжаиргаагаа дээшлүүлэх боломжтой болох юм. Мөн орон нутгийн бодлого, төлөвлөлтөд бэлчээр ашиглалт, хамгаалалт, усны нөөцийн асуудлыг тусгаж, ажил хэрэг болгох юм.

Төсөл 2021-2028 онд хэрэгжих бөгөөд төслийн үр шимийг 26 мянга орчим айл өрхийн 130 мянган иргэн шууд хүртэнэ. Төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар болон аймгуудын ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж уялдаа холбоотой ажиллах юм.