Нийслэлийн Засаг дарга С.Батболд дүүргүүдэд ажиллах хуваарийн дагуу Баянгол дүүрэгт өчигдөр ажиллалаа. Энэ үеэр Баянгол дүүрэгт хэрэгжиж буй "Гандан Хүрээ гудамж" төслийг танилцуулах арга хэмжээнд оролцсон юм.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Гандантэгчэнлэн хийдийн хувьд Улаанбаатар хотын төв хэсэг байрладаг бөгөөд ард иргэдийн шашин соёл оюун ухааны төв болсон бүс юм. Иймээс Гандантэгчэнлэн хийд орчмын бүсэд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний цогц жишиг бүхий гудамжийг бүтээн байгуулах юм. Тус төсөл хэрэгжсэнээр бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна хэмээн албаны хүмүүс хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Гандангийн бүс нутаг бол Улаанбаатар хотын хамгийн онцлог газруудын нэг. Нийслэлийн Засаг дарга болсноосоо хойш миний бие Гандан орчмыг хэрхэн яаж ая тухтай болгох вэ, хэрхэн Монголын соёлын өвийг хадгалсан аялал жуулчлалын төв болгох вэ гэдэг тал дээр анхаарлаа хандуулж ирсэн. Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ гудамж маань Улаанбаатар хотын шашин, соёлын өвийг хадгалсан аялал жуулчлалын төв болон өргөжих юм. Энэ ажлыг эхлүүлэхэд оршин сугчид болон газар зохион байгуулалтын ажилд хүндрэлтэй тал бий. Учир нь Гандан орчмын газар нь их үнэтэй газарт тооцогддог тул хувийн компаниуд худалдан авч Нийслэлд өндөр үнээр зарах сонирхолтой байдаг. Харин оршин суугч иргэдийн хувьд сайхан орчинд амьдрах хүсэлтэй байдаг. Тиймээс бид иргэдийн санаачилга дээр тулгуурлаж, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглаж иргэдээ орлоготой болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна." хэмээлээ.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар жилдээ 400 мянга гаруй жуулчид ирдэг гэсэн судалгаа гарсан. Эдгээр жуулчдын маань хамгийн их очих дуртай газрын нэг нь Гандантэгчэнлэн хийд юм. Бид энэ хүү судалгаанд үндэслээд аялал жуулчлалын гудамжийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус аялал жуулчлалын бүс нь газар зүйн хувьд Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэл үргэлжлэх бөгөөд 2018-2019 онд бүрэн ашиглалтад орно. Ийнхүү аялал жуулчлалын бүстэй болсноор иргэдэд тодорхой хэмжээний орлого олох боломж бүрдэнэ.
Газар чөлөөлөхтэй холбоотойгоор асуудлууд гарах ч жишиг гудамж нь өөрөө иргэдэд итгэл болох юм. Гандангийн газар чөлөөлсөн иргэдэд Нийслэлийн зүгээс түр оршин суух байрыг гаргаж өгөөд явж байна. 68 айл тус төсөлд хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 25 айл түр оршин суух байрандаа нүүж орсон.
Төсөл хэрэгжиж дууссаны дараа иргэд маань тухайн газарт нь баригдсан байранд орно гэсэн үг юм.
"Гандан Хүрээ гудамж" төсөл нь уламжлалт түүхэн дүр төрх, ав уламжлалыг хадгалсан 1,9 га талбай бүхий 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ орон сууцны барилга дурсгал шашны эртны эдлэлийн дэлгүүр, лааны тосон музей, хүрээ соёлыг харуулсан уламжлалт монгол хоолны газар зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар хорооллыг хуучны уламжлалт хэв маягийг шинэ орчин үеийн хэв шинжтэй хослуулан хэрэгжүүлэхээр болжээ.