УДШ-ийн нийт шүүгчид цуглах боломжгүйг ЕТГ-т мэдэгдэв

Улсын дээд шүүх /УДШ/-д хязгаарлалт тогтоосон тул нийт шүүгчид цуглах боломжгүйг Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-т хүргүүлсэн тухай Улсын дээд шүүхээс өнөөдөр мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.00 цагт Улсын дээд шүүхэд хүрэлцэн очиж МАН-ыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар ЕТГ-аас УДШ-д хандсан байна. Энэ дагуу УДШ-ийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ.

УДШ-ийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 16-23-ны өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад ажлыг хязгаарласан. Мөн зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч УДШ-ийн нийт шүүгчид өнөөдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр ЕТГ-ын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.

Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын үед УДШ нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг ЕТГ болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.