Нийлүүлэлт буурснаар Монголын коксжих нүүрсний үнэ өсөөд байгааг “SXCoal” мэдээллээ. “Fenwei”-ийн тооцооллоор тавдугаар сарын 12-нд Монголын угаасан коксжих нүүрсний үнэ тонн нь 1680 юань болсон байна. Энэ нь өмнөх сараас 20 хувиар өссөн дүн боллоо.
Харин түүхий коксжих нүүрсний үнэ 19.8 хувиар өсөж, 1390 юань болжээ. Түүнчлэн БНХАУ-ын дотоодын уурхайнуудын нийлүүлэлт буурсан нь коксжих нүүрсний үнэд дэмжлэг болж байна. Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд "Ногоон бүс" түр журмыг нэг сар мөрдөнө гэж Засгийн газар мэдээлээд байна.
Монголоос экспортолж буй нүүрсний талаас илүү хувийг Гашуунсухайт боомтоор гаргадаг. БНХАУ-ын тал тус боомтоор нэвтэрч буй автомашины тоог тавдугаар сарын 15-ны өдөр гэхэд 200 болгохоор төлөвлөж байгааг “SXCoal” мэдээллээ. Харин энэ сарын эцэс гэхэд 500 хүргэх юм байна.