Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болсон талаар МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусээр халдварласан бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн гэргийн хамт эмчлүүлж байгаа юм. Гэвч коронавирусний халдварын улаан бүс рүү мэтгэлцээн зохион байгуулах техникийн ажилтнуудыг оруулах боломжгүй гэдгийг тухайн эмнэлгээс мэдэгдээд байгаа аж. Иймд мэтгэлцээнийг явуулах боломж байхгүй гэдийг мэдэгдлээ.
МҮОНРТ-ийн захирао А.Бүрэнбаатар хэлэхдээ, "Манай телевиз нэр дэвшигчдэд тэгш боломж олгох үүднээс хүч зарж өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ сайн хангасан. "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэмийг сахиуоаал студид авчирч болох эсэх талаар судлахыг нөгөө хоёр нэр дэвшигчээс санаачилга гаргасан. Мөн гурван нэр дэвшигчийг эмнэлэгт аваачих хувилбар яригдсан. Эсхүл Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс, нөгөө хоёрыг нь студид байхаар тооцож үзсэн. Ингээд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт албан бичгээр, явуулын станцаа эмнэлэгт аваачаад тусгай өрөө бэлдэж мэтгэлцээн зохион байгуулах бололцоо байгаа эсэх талаар хүсэлт илгээсэн. Тус эмнэлгээс УОК, Загсийн газар, Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэрийн хүрээнд халдварын улаан бүс рүү хүн оруулах, гаргах боломжгүй гэсэн тайлбарыг өнөөдөр өгсөн байна" хэмээлээ.
Тус телевиз мэтгэлцээн зохион байгуулахаар өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ хангаад байв. Ингэхдээ, мэтгэлцээний үеэр ажиллах 190 хүнтэй багийг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг хариутай гарчээ. Мөн хэлэлцүүлэгт дөрвөн дохионы хэлмэрч, нэг синхрон орчуулагчтэй байхаар төлөвлөсөн байна. Нэр дэвшигчид нэг модератортой, таван сэдвийн хүрээнд мэтгэлцэх бөгөөд улс төрийн намуудад үндсэн дүрмийг танилцуулжээ.
Мэтгэлцээнийг үндэсний телевизийн эфир, радиогоор цацахын зэрэгцээ MNB world сувгаар англи орчуулгатайгаар шууд дамжуулахаар бэлтгэл хангасан. Түүнчлэн YouTube, Clubhouse цахим сүлжээгээр дамжуулахаар төлөвлөсөн байсныг МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар мэдээллийн үеэр тэмдэглэв.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг өнөөдөр 17.30 цагаас эхлэн 120 минутын турш МҮОНРТ-ээр улс орон даяар шууд дамжуулахаар төлөвлөж байсан юм.