ЭЕШ-ыг хойшлуулж, наймдугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэв

Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн 7 дугаар сарын 1-4-нд зохион байгуулах байсан ЭЕШ-ыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг БШУЯ-наас гаргалаа.

Энэ тухай БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэхдээ, “Ковид-19” халдварын нэгдүгээр хавьталтай ойрхон гэсэн 1500 хүүхэд тогтоогдсон. Эдгээр хүүхэд ЭЕШ-д орж чадахгүй байх эрсдэл үүссэн учраас ийм шийдвэр гаргалаа.

ЭЕШ-ыг улсын хэмжээнд 9 620 багш зохион байгуулдаг. Эдгээр багшийн тодорхой хувь нь халдвар авсан. Улаанбаатар хотоос 21 аймагт 66 багш ЭЕШ зохион байгуулдаг. Мөн эдгээр багшийн 10 орчим нь халдвар авсан. ЭЕШ зохион байгуулах боломжгүй гэсэн үг. Нийт 40 620 хүүхдээс 21 аймагт ирж ЭЕШ-д орох 7600 орчим хүүхэд бий. Тиймээс өнөөдрийн байдлаар есөн аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарлаж, сумаас аймаг, аймгаас сум руу зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ныг хүртэл хаагаад байгаа. Ийм олон нөхцөл үүссэн учраас ЭЕШ-ыг хойшлуулж байна. ЭЕШ-ыг хэдийд авахыг 7 дугаар сарын 10-нд зарлана” гэв.