Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж, коронавирусний халдварын илрүүлэг, тандалтын үйл ажиллагаанд зориулан ПОС-ын төхөөрөмж гардууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан хүсэлтийн дагуу ДЭМБ коронавирусний халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн шинжилгээ, батлагдсан тохиолдлын мэдээллийг цахим программд оруулах ПОС-ын төхөөрөмжөөр хангаж байгаа нь энэ юм. Нийт 225 сая төгрөгийн үнэ бүхий 150 төхөөрөмжийг нийслэлийн өрхийн эрүүл мэндийн 146, тосгоны эрүүл мэндийн дөрвөн төвийн төлөөлөлд гардуулав.

Өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг төхөөрөмжөөр хангаснаар батлагдсан тохиолдлын мэдээлэл болон хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээний хариуг цахим программд хувийн гар утсаа ашиглан оруулж байсныг ийнхүү шийдэж байна. Мөн бүхий л төрлийн аппликэйшн ашиглан бүртгэл, мэдээлэл үүсгэх боломж бүрджээ.