Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлаар Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/382 дугаар захирамжийн хэрэгжилт, явцын тайланг танилцууллаа. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Хотын дарга мэргэжлийн байгууллагуудад 22 чиглэлийн үүрэг, даалгавар өгсөн.
Энэ хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс наймдугаар сарын 19-ний байдлаар 80.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн хүндрэл гарч болзошгүй 30 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуухны газарт үзлэг, шалгалт хийхэд 13 барилга, байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, дээвэрт засвар хийх шаардлагатай байгаа аж.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар эдгээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, дээврийн засварын ажилд шаардагдах хөрөнгийг зохих эх үүсвэрээс шийдвэрлэхийг судалж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.