“Ирээдүйн эзэд-2021” аянаар гадаадад тэтгэлэгтэй сурах боломжуудыг танилцуулна

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, “Залуусын оролцоо нийгмийн шинэчлэл” НҮТББ-тай хамтран өсвөр үе, залуучуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Ирээдүйн эзэд-2021” аян зохион байгуулж байна.

Хувь хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бол тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардах мэдлэг, дадлага, туршлагын цогц бөгөөд сонголтоо зөв хийхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараа нээн илрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар судалгаа, мэдээлэлтэй байх нь залуучуудын хувьд хамгийн чухал юм.

Аяны хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт цахим өдөрлөг зохион байгуулах бөгөөд дэлхийн шилдэг орнуудад тэтгэлгээр суралцах боломжуудыг танилцуулж, тэдгээр улсын боловсролын системийн онцлог, гарч болох хүндрэл, даван туулах зөвлөмж, зөвлөгөөг цогцоор нь хүргэж байна.

Цахим өдөрлөгт оролцсоноор Америк, Орос, Австрали, Хятад, Турк, Солонгос, Англи, Япон, Герман, Куба зэрэг улсын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авах юм.

Өдөрлөгийг Zoom болон Facebook Live-аар зохион байгуулна.