Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордон буюу Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт, дэд бүтэц татах ажил 80 хувьтай үргэлжилж байна. Гурван давхар тус барилгын угсралтын ажил дуусаж, дотор цахилгааны монтаж, шаврын ажил, дээврийн хар цаас наах, шилэн гэгээвчний рам зангидах ажил гүйцэтгэгдэх шатандаа явж байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус Соёлын ордны барилга нь 850 хүний багтаамжтай. Засгийн газар энэ барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн бөгөөд дотроо кино театр, арга хэмжээ зохион байгуулах танхим, гадна талбайд задгай театр, усан оргилууртай байхаар төлөвлөжээ. Ингэснээр иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, урлаг, соёлын арга хэмжээ, уралдаан, тэмцээн зохион байгуулах боломж бүрдэх юм.

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг “Аглут” ХХК 2019 онд гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.