ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн үйл ажиллагаа эхэлж, эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголбанкинд байршлаа.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл одоогоос 13 цагийн өмнө хуралдаж, Монгол Улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг баталсан.Тэгвэл дөнгөж сая эхний ээлжийн санхүүжилт болох 27.9560 сая зээлжих тусгай эрх /ЗТЭ/ буюу ойролцоогоор 38.6 сая ам.доллар Захирлуудын зөвлөлийн баталснаар Монголд орж ирлээ. Эхний санхүүжилт 38.6 сая ам.долларыг юунд зарцуулах талаар ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер “ОУВС-гийн ямар ч зээл тухайн улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэх бус төлбөрийн тэнцэлд зориулагддаг. Тиймээс ОУВС-гаас эхний удаад олгож байгаа санхүүжилт Монголбанкны дансанд байршина. Ингэснээр Монголбанкны валютын нөөц нэмэгдэнэ. Нөөц нэмэгдвэл эдийн засгийн итгэл сэргэж, зэрэглэл тогтоох байгууллагууд зэрэглэлээ нэмэгдүүлнэ” гэсэн юм.
Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдсанаар нийт 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилт босгох бөгөөд зөвхөн ОУВС-гаас 440 орчим сая ам.долларын зээлийг 15 жилийн хугацаатай олгох юм. Уг зээлийн эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 2 хувиас доош хүүтэйгээр олгоно.
Нийт 5.5 орчим тэрбум ам.доллараас 2 тэрбум ам.доллар нь Монголбанк болон БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлэлцээрийг сонгох хэлэлцээрт багтсан бол ОУВС-гаас гадна Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоос 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөх, 300 сая ам.долларын төсөл хөтөлбөр санхүүжүүлэх юм. Дэлхийн банк 600 сая ам.долларын хөнгөлттэй зээл /15 жилийн хугацаатай, 2 хувиас доош хүүтэй/ амалснаас 440 сая ам.доллар нь 2017-2019 онд төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулагдаж, оруулахаар болсон. Түүнчлэн Япон, БНСУ-аас 1.3 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд авч хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа юм.