“ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТЫН ХӨТӨЛБӨР” Монголд хэрхэн хэрэгжих вэ

Монгол Улсад өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр” /Extended Fund Facility/ хэрхэн хэрэгжих талаар товч танилцуулж байна.

Төсвийн болон төлбөрийн тэнцлийн хосолсон хүндрэл Монгол Улсын эдийн засагт тулгарсан учир Засгийн газар ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр"-ийг сонгож, хэрэгжүүлэх хүсэлт гаргасан юм. ОУВС Монголын хүсэлтийг хүлээн авч Ажлын хэсгээ илгээн, 6 сарын хугацаанд хэлэлцээ хийн, энэ оны хоёрдугаар сард тохиролцоонд хүрсэн. Ингээд ОУВС-гийн гол хөтөлбөрүүдийн нэг "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр"-ийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр өчигдөр Захирлуудынхаа зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай бөгөөд гол зорилго нь Эдийн засгийг тогтворжуулж, эдийн засгийг сэргээх орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна. Мөн:

  • Төсвийн нэгдмэл байдлыг хангах,
    Төсвийн сахилга батыг чангатгах,
    Төсвийн зарлагын үр ашгийг сайжруулах замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж,
    Төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого хэрэгжүүлнэ.

Төсвийн алдагдлыг бууруулах нь хөтөлбөрийн гол тулгуур бөгөөд энэ нь дотоодын санхүүгийн зах дээрх дарамтыг бууруулах, гадаад секторын үзүүлэлтүүдийг тогтворжуулах, өрийн тогтвортой байдлыг сэргээх юм. Эдийн засагт тохиргоо хийгдэх явцад ядуу эмзэг бүлгийг хамгаалах нийгмийн халамжийн чухал арга хэмжээнүүдээс гадна төсвийн тохиргооны үр дүн урт удаан хугацаанд хадгалагдах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн институцийн шинэчлэлүүд мөн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих болно.

Хөтөлбөрийн өөр нэг тулгуур нь Банкны системийг сэргээн тогтворжуулж, Монголбанкийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ юм. Бүтцийн шинэчлэлийн өргөн хүрээний арга хэмжээнүүд хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэх болно.

Өнгөрсөн хугацааны өндөр өсөлт, уналтын мөчлөгийг таслан зогсоох зорилгоор шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Төсвийн бодлогыг сахилга баттай болгох;
    Tөв банкны хараат бус бие даасан байдал, засаглалыг бэхжүүлж, үйл ажиллагааг үндсэн чиг үүрэгт mөвлөрүүлэх;
    Санхүүгийн салбарыг бэхжүүлэх;
    Эдийн засгийг солонгоруулах,
    Хүртээмжтэй өсөлтийг дэмжих;
    Нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах

Төсвийн бодлого

Төсвийн орлого, зарлагын тохиргоо хийгдэж, эдийн засгийн өсөлт төсөөлж байгаа хэмжээнд хүрч сэргэн, дотоод бондын хүү аажмаар хэвийн түвшинд очиж, хөтөлбөрийн хүрээнд эрх баригчид хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилт авч ашигласнаар өрийн тогтвортой байдал нөхөн хангагдана гэж тооцож байна.

Мөнгөний болон ханшийн бодлого

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийг шинэчлэн баталж, Монголбанкны эрх үүргийг тодотгон, засаглал, бие даасан байдлыг бэхжүүлэх болно. Мөнгөний бодлого ойрын үед хатуу хэвээр хадгалагдаж, ханш уян хатан байх шаардлагатай.

Санхүүгийн салбарын шинэчлэл

Эрх баригчид эхний ээлжинд банкны системийн иж бүрэн үнэлгээ хийж, банкуудын санхүүгийн байдал, эрсдэл даах чадварын түвшинг тогтооно. Дараагийн алхамд шаардлагатай бол дахин хөрөнгөжүүлэлт, бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлнэ.

Өсөлтийг дэмжсэн бүтцийн шинэчлэл

Монгол Улс эрдэс баялгийн арвин их нөөцтэй учраас тус улсын эдийн засагт уул уурхай хэзээд гол салбар байх болно. Гэхдээ хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжүүлэх асар их нөөц бололцоо харагдаж байна. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийг солонгоруулах бодлогыг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүд хэрэгжих болно.

Нийгмийн халамж

Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эмзэг бүлгийг хамгаалахад чиглэсэн халамжийн чухал арга хэмжээнүүд багтсан бөгөөд эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү ач холбогдол өгсөн. Тухайлбал, хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтот бүлэгт илүү сайн чиглүүлснээр хэмнэгдэх хөрөнгийг бүхэлд нь ядуу эмзэг бүлэгт зориулсан хүнсний талон хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд ашиглах болно.

Хөтөлбөрийн санхүүжилт

Засгийн газрын хөтөлбөрийг бусад олон улсын түншүүд мөн дэмжин ажиллахаар төлөвлөж байна. Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, хоёр талт түншүүд, тэр дундаа, Япон Улс, БНСУ, БНХАУ-аас төсвийн болон төслийн дэмжлэгээр нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн санхүүжилт Монгол Улсад орж ирнэ.

Үүнээс 2 тэрбум ам.доллар нь Монголбанк болон БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлэлцээрийг сонгох хэлэлцээрт багтсан. ОУВС-гаас 314.5 сая зээлжих тусгай эрх /ЗТЭ/ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээлийг 15 жилийн хугацаатайгаар олгох бөгөөд эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 2 хувиас доош хүүтэйгээр олгох аж. Үүнээс 38.6 сая ам.доллар өчигдөр Монголбанкинд шилжиж ирээд байна. Мөн Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоос 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөх, 300 сая ам.долларын төсөл хөтөлбөр санхүүжүүлэх юм. Дэлхийн банк 600 сая ам.долларын хөнгөлттэй зээл /15 жилийн хугацаатай, 2 хувиас доош хүүтэй/ амалснаас 440 сая ам.доллар нь 2017-2019 онд төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулагдаж, оруулахаар болсон байгаа. Түүнчлэн Япон, БНСУ-аас 1.3 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд авч хэрэгжүүлэх юм.

"Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

Монгол Улсын Засгийн газраас "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр"-ийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээг нэрлээд байгаа юм. Тухайлбал төсвийн бодлогын хүрээнд эхний ээлжинд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд 7-8 цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:

Шатахууны онцгой албан татварыг 2016 оны төгсгөлд нэг, 2017 он гараад хоёр удаа бууруулсан уг тогтоолыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 109 дүгээр тогтоолоор буурсан хэмжээгээр, 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 166 дугаар тогтоолоор буурсан хэмжээгээр буцааж нэмэгдүүлэх.

Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох. Татварын шатлалын хэмжээнээс хамааран 10, 15, 20, 25 хувь болгох. Мөн Хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 84,000 төгрөг байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөгөөр хөнгөлөлтийн түвшинг нэмэгдүүлэх.
Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн тухайд 2018, 2019, 2020 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх. Одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 онд 11 хувь, 11 хувь болгох.
Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх. Үйлдвэрлэсэн оноос нь хамаарч жижиг оврын автомашинд.3-15 хувиар татвар нэмэгдүүлэх. Хөдөлгүүрийн багтаамж нь 4501 см.кубээс илүү автомашины татварыг мөн үйлдвэрлэсэн оноос нь хамаарч 40-250 хувиар нэмэгдүүлэх.

Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар тус тус нэмэгдүүлэх.

Хадгаламжийн хүүгийн орлогод татвар оногдуулах. Одоо мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулиар 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс татвар авах байсныг наашлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх
Импортын тамхинд ногдох гаалийн албан татвар одоо 5 хувь байгааг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээ болох 30 хувь нэмэгдүүлэх.
Татварын орлогын удирдлагыг сайжруулах, татварын алба менежментээ сайжруулах, татвар хураах, орлого нэмэгдүүлэх.

Зардлын хувьд мөн 8 арга хэмжээг авах юм. Үүнд:
Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлэх. Үүнд нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлаж, үр дүнд нь ойролцоогоор өртгийг нь 10 хувиар бууруулах.

Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх. Одоо байгаа тэтгэвэрт гарах насыг 2 жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2026 он гэхэд 65 насанд хүргэх, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 оноос буюу 20 жилийн дараа 65 настайд тэтгэвэрт гарах.

Цалингийн зардлыг нэмэх бололцоо байхгүй, татварын орлогын дутагдал байгаа учраас 2017-2018 онд цалинг нэмэгдүүлэхгүй байх.
Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох. Нийт хүүхдүүдийн 60 хувьд олгож байсныг 40 хувьд нь олгох ба хэмнэсэн мөнгийг төсөвт авахгүйгээр ядуу, зорилтот бүлэгт “хоолны талон” байдлаар олгох.
Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн хувьд судалгаа хийгээд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон гадаад донор улс, орнууд бодлогын зөвлөгөө өгөөд хөтөлбөрийг давхцуулахгүй байх.

Цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангах, орон сууцны түрээсийг даах гэсэн хуулийн заалтыг хүчингүй болгох.

Концессийн гэрээний хувьд одоо байгуулагдсан гэрээний хэрэгжилтэд хөндлөнгийн аудитын шалгалт оруулж, аудитын дүгнэлтэд суурилан дараа жилүүдийн төсөвт концессийн нөхөн төлбөр олгох асуудлыг тусгах
Төсвийн зардлыг УИХ дээр нэмэгдүүлдэг үзэгдлийг зогсоох, хэрвээ нэмэгдүүлэх тохиолдолд өөр зардлыг хасах. Мөн Төсвийн зөвлөл байгуулах гэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Ийнхүү Монгол Улс ирэх 3 жилд ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх боллоо. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд Засгийн газар, ОУВС хамтран улирал тутамд үнэлгээ өгч ажиллах юм.