Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар цөлжилт, экосистемийн доройтлын асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав.

Хуралдаанаар хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тодруулбал, экосистемийн доройтол, цөлжилт, түүнийг сааруулах арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн гэж заасан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол орны хэмжээнд экосистемийн доройтол, цөлжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг ирсэн гэдгийг хэлж, энэ чиглэлээр гаргасан тодорхой санаачилга буюу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө.

Улмаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, цөлжилт болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Ерөнхийлөгчийн зарлиг гарах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэв.