УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт энэ сарын 10-нд болох нөхөн сонгуулийн саналд 100 хувь хяналтын тооллого хийнэ гэдгийг СЕХ-ноос мэдээлэв.
Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар баталсан бөгөөд бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт 89, 28 дугаар тойрогт 59 хэсгийн хороо байгуулаад байна. Мөн сонгуулийн үеэр коронавируст халдвараас сэргийлэх талаар УОК болон бусад байгууллагын шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлэхээр эрүүл мэндийн болон цагдаа, онцгой байдлын 1930 гаруй албан хаагч ажиллаж байна.
Нөхөн сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмжийг шалган турших, баталгаажуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан Ажлын баг зохион байгуулсан. Уг ажилд нөхөн сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид нээлттэй оролцлоо.
Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулах бэлтгэлийг хангажээ.
Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө. Одоогоор цар тахлын улмаас гэрээр болон эмнэлэгт эмчлүүлж байгаа, тусгаарлалтад байгаа 2774 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаад байгаа юм. Тэдний саналыг маргааш буюу энэ сарын 9-ний 9.00-20.00 цагт авахаар төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж буй юм.
Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм.
Дээрх хоёр тойрогт 8 нам, 1 эвслийн 14 нэр дэвшигч, хоёр бие даан нэр дэвшигч бүртгүүлэн сурталчилгаагаа эхлүүлээд буй юм.