Багануур дүүрэгт олон жил хүлээгдээд байсан 50 ортой төрөх эмнэлгийн барилга ашиглалтад орж, Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээгээ өнөөдрөөс албан ёсоор үзүүлж эхэллээ.
Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү төрөх эмнэлгийг өнгөрсөн 6 сарын хугацаанд Ковидын халдвартай нэн хүнд болон хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх байр болгон ашиглаж байсан юм.
Тэгвэл өнөөдрөөс ийнхүү зориулалтын дагуу ашиглаж эхэлснээр төрөх, эмгэг нярай, жирэмсний хяналт, эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо, шинжилгээг нэг дор төвлөрүүлэн үзүүлэх боломж бүрдлээ.
Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ гэдэг эрүүл мэндийн салбарын нэн чухал хэсэг байдаг. Ялангуяа цар тахлын энэ эгзэгтэй цаг үед халдвартай жирэмсэн эхчүүд хүндрэх эрсдэл их байгаа учраас эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг илүү чанартай бөгөөд хүртээмжтэй болгож, шинэ шатанд гаргахын төлөө Шадар сайдын хувьд, тойргоос сонгогдсон гишүүний хувьд анхаарч ажиллахаа С.Амарсайхан гишүүн энэ үеэр илэрхийллээ.
Шинэ төрөх эмнэлэгт Монгол Улсын Засгийн газраас 1.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж шийдэж өгөхөөр болсны зэрэгцээ өнөөдөр хүчилтөрөгч өтгөрүүлэгч 5 аппарат, түргэвчилсэн оношлуур 1000 ширхгийг нийлүүлсэн юм.
Орчлонд дуугаа хадаан ирж буй нялх үрсийг тосон авдаг өлзийт үүдтэй сайхан хамт олны цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.