Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь Төв аймгийн Эрүүлийг хамгаалахын газрын даргын 1978 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар анх 5 ортой, 3 орон тоотой, 1 гэртэйгээр “Их эмчийн салбар” нэртэйгээр гэрээ барьж, галаа асаасан бол өнөөдөр иж бүрэн цогцолбор барилгатай, хэвтэн эмчлүүлэх 234 ортой, 332 ажиллагсадтай, нэгдсэн эмнэлгийн статусаар үйл ажиллагаагаа явуулж байна. Төрөх эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, НИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн ИТХ-ийн дарга Т.Отгонболд, НИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Төрөх, Нярайн ахмад ажилтнууд, Эх барих эмэгтэйчүүдийн ахмад эмч Л.Намжилсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.
2021 оны 10 сарын 01-ний өдрөөс Төрөх, эмгэг нярай, жирэмсний хяналт, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, шинжилгээг нэг цэгт төвлөрүүлэн зориулалтын дагуу үйл ажиллагааг нь явуулж эхлээд байна. Үүнд: Төрөх тасаг 15 ортой үйл ажиллагаа явуулж байна. “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ”- амбулаторийн нэг давхарт: Жирэмсний зөвлөгөө өгөх кабинет, Жирэмсний дотрын кабинет, Жирэмсний ЭХО болон лабораторийн шинжилгээ,Сургалт сурталчилгаа, Дугаар олголтын хэсгийг нэг цэгт төвлөрүүлэн ажиллаж байна.
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн төрөх эмнэлэгт Эрүүл мэндийн сайд С.Энхболд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өгч хэрэгцээт тоног төхөөрөмжөөр ханган ажиллана гэдгийг онцлов. Төрөх, нярайн эмнэлэг нь хүний нөөц нийт 33 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.2021 оны эхний 9 сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр авсан эмэгтэйчүүдийн тоо 393, үүнээс эхний 3 сартайд 90% буюу 354 нь хяналтандаа орсон байгаа нь өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн. 2021 оны эхний 9 сарын байдлаар 446 эх төрсний 30 орчим хувь нь харьяаллын бус ээжүүд байна. Харьяаллын бус төрөлтийн тоо өмнөх оноос нэмэгдсэн. Кесаров хагалгааны хувь 28,2%. Ихэр төрөлтийн тохиолдол 5 бүртгэгдсэн нь өмнөх оноос 3 тохиолдлоор өссөн. Эхний 9 сарын байдлаар жирэмсний эмгэгийн тасагт 347 ээж хэвтэн эмчлүүлсэн.
Цаашид Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд сүүлийн 10 жилийн хугацаанд 7335 ээжийг төрүүлж 7338 хүүхдийг эсэн мэнд хүлээн авсан байна. Жирэмсний хяналтыг 100 хувь төрөх эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нар хороогоор хуваан хариуцан ажиллах, MNS6188:2010 Амаржих газрын бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу хүн амд эх барих, эмэгтэйчүүд, нярайн амбулаторийн, хэвтүүлэн эмчлэх, нийгмийн эрүүл мэндийн, эрдэм судлал сургалтын чиглэлийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг болохоор чиглэгдэж байна. Үүний дараа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд НЭМГ-ын дэд Л.Зэндмаа нар Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.