Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан тугийг өнөөдөр цэнгүүлэв.
Их цагаан тугийг Төрийн ордноос Д.Сүхбаатарын талбайд залсан. Есөн шарга морьт цэрэг Их тугийг цэнгүүлэн Төрийн ордныг нар зөв гороолов. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэлийн ая эгшиглүүллээ.
Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны Нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Үүнээс хойш энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэж байна.