Бизнес, худалдаа эрхлэгчид “Эдийн засгаа эрчимжүүлье” хэмээн дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдахыг уриалж байна. Өнөөдөр ресторан, хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарынхан 3 дахь тунгийн вакциныг хийлгэж эхэлж байна. Тэд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд бүх нийтээр нэмэлт 3 дугаар тунг хийлгэж, үйлчлүүлэгч, харилцагчдаа ч мөн идэвхтэй хамрагдахыг уриалан Засгийн газар, УОК-ын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Үйлчилгээнийхэн энэ сарын 11 хүртэл дархлаажуулалтын 6 цэгт 08.00-19.00 цаг хүртэл вакцин хийлгэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдаас КОВИД-19 халдварын эсрэг вакцины 3 дугаар тунд хамрагдахыг нийгэмд уриалаад буй. Бизнесийн байгууллагынхан уг уриалгыг дэмжин удахгүй эрсдэлийн шар-ногоон түвшинд шилжсэнээр бизнесийн таатай орчин бүрдэж, бүх үйл ажиллагаа бүрэн нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна. Ерөнхий сайд иргэд дахлаажуулалтын 3 дугаар тунд 50 хувь хамрагдсан нөхцөлд бүх үйлчилгээг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэн. Тиймээс вакцины нэмэлт тун хийлгэхэд идэвхтэй оролцож, аль болох богино хугацаанд бүрэн хүчин чадлаар ажиллаж бизнес, худалдаа, үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж эхлэхийн төлөө дэмжин ажиллах шаардлагатай байгааг уриалж байна.