БОАЖЯ Төрийн банктай хамтарсан уулзалт зохион байгуулахаар боллоо

“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт 2019 оноос хэрэгжиж байна. Тус төслийн “Нутгийн оршин суугчдад түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалын төлөвлөлт, чадавхыг сайжруулах” зорилтын хүрээнд Эко-аялал жуулчлалын төлөвлөлтийн зөвлөх багийн мэргэжилтнүүд “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн олон нийтийн оролцоотой зээлийн эргэлтийн сан”-гийн үйл ажиллагаанд мониторинг хийсэн.

Уг судалгааны үр дүнг болон сангийн үйл ажиллагааг цаашид хэрхэн сайжруулах талаарх санал, зөвлөмжийг холбогдох албаныханд танилцууллаа. Судалгааны үр дүнд тулгуурлан зээлийн эргэлтийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Төрийн банк, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн сумдын хамтын ажиллагаа, оролцоо, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох, зээлийн эргэн төлөлт, эдийн засгийн чадавхыг тооцоолох загвар боловсруулах, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зэрэг санал зөвлөмжийг хуралд оролцогчид чухалчлан үзлээ. Ингээд Төрийн банктай хамтарсан зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар болов.

2016-2019 онд Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжсэн “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Ренчинлхүмбэ сум болон Хатгал тосгонд 2017 онд олон нийтийн оролцоотой зээлийн эргэлтийн санг байгуулж, нутгийн иргэдэд бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний амьжиргааг сайжруулах зорилгоор зээл олгон, орон нутгийн засаг захиргаа, Төрийн банкны салбаруудтай хамтран ажиллаж байгаа юм.