УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөллийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариуг өглөө.
Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөлөл долоодугаар дугаар сарын 3-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлсэн юм.
Энэхүү шаардлагад “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны зургаадугаар сарын 8-ны 28/ШШ/20170453 тоот шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийг бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгасан нь УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна.
Ийнхүү ард түмний өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн нь Монгол Улсын эрх ашигт ноцтойгоор харшилж байгаа тул Монголын ногоон нам, “Эвтэй Монгол” иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл эрс эсэргүүцэж уг шийдвэрийг 48 цагийн дотор цуцлахыг шаардаж байна. Хариу мэдэгдлээ бидний төлөөллийг хүлээн авч уулзаж бүх мэдээллийн хэрэгсэл, телевизүүдийн өмнө ард түмэнд шууд өгнө үү” гэсэн юм.
Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан хүрэлцэн ирсэн төлөөлөлд хариу бичгийг гардуулж өгөөд “УИХ-аас өнгөрөгч гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрд эргүүлэн авах тухай тогтоолыг баталсан. Саяхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг сануулж, тогтоолыг нэн яаралтай хэрэгжүүлэх үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдад өгсөн. Энэ дагуу өчигдөр Засгийн газар хуралдаж түүхэн шийдвэр гаргалаа. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монгол Улсын нийт 3 сая иргэндээ эзэмшүүлэх шийдвэр юм. 2016 оноос хойш ард иргэд маань “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг цөөн хүний эзэмшилд очсонд санаа зовниж тус компанийн 49 хувийг иргэддээ эзэмшүүлэхийг уриалж байсан” гэлээ.
Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “Бид маш их баяртай байна. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байдаг тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр өгөхөөр шийдвэрлэсэн нь үнэхээр зөв алхам байлаа. 1992 онд батлагдсан Үндсэн хууль хэр алсыг харсан хууль байсан гэдэг нь одоо нотлогдож байна. Энэ шийдвэрийг улс орон даяар түүхт өдөр хэмээн иргэд маань тэмдэглэн баярлаж байна. Цаашид Монгол Улсад бүртгэгдээд байгаа 20 гаруй стратегийн ордын 49 хувийг ард түмэндээ эзэмшүүлэхийг бид хүсч байна” гэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.