Манай улсын хувьд омикрон хувилбар тархсан тохиолдолд хөл хорио тогтоохгүй бодлого баримталж байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Учир нь манай улсад вакцинжуулалт өндөр хувьтай, өвчилсний дараах хайбрид дархлаа өндөр байгаа учир тодорхой хэмжээнд эрсдэл багатай байгааг тэрбээр тодотгосон юм.
Тэрбээр, “Омикрон хувилбарын судалгаанаас үзэхэд, гэр бүлийн нэг гишүүн өвдсөн үед бусад нь өвдөх хандлагатай байгаа. Өвчилсний дараа шинж тэмдэггүй болбол 5-7 хоноод ажилдаа орохыг олон улсад зөвлөж байгаа. Вакцин хийлгээгүй болон нэг тун хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл өндөр байна. Дахин халдвар авч байгаа хүмүүс халдвар авах тохиолдол улс орнуудад тав дахин нэмэгдэж байгаа. Монгол Улс болон бусад улсад хийсэн судалгаанд үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу өнөөдрөөс иргэд дөрөвдүгээр тундаа хамрагдах боломжтой боллоо. Дельта хувилбар хатгаа болох эрсдэл өндөр байсан бол энэ хувилбарт шинж тэмдгийн эмчилгээ хийх зөвлөмжийг улс орнуудад хүргэж байна" хэмээв.