АН-ын даргын С.Эрдэнийн ахлах зөвлөх З.Энхболд ТВ9 телевизээр ярилцлага өгөхдөө Эрдэнэс Тавантолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн билээ. Тэгвэл энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, “экспортод гарч байгаа гол бүтээгдэхүүн бол нүүрс байгаа.
Чалкод төлөх ёстой байсан 170 сая ам.долларыг төлж дуусгасан. Эрдэнэс Тавантолгойн нүүрсний худалдаатай холбоотой иргэн З.Энхболд мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг та бүхэнд хүргэе. З.Энхболдын ярьсан Хятадын компанитай хийж буй гэрээ гэдгийг харуулъя. Хуурамч албан тоот, бланкийг нь хуурамчаар хийгээд тамгыг нь мөн хуурамчаар хийсэн гэж гаргаж ирсэн. Мөн гарын үсэг ч хуурамч байсан. 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр амралтын өдөр байсан. Төрийн байгууллага энэ өдөр ажилладаггүй. Бямба гарагт ямар ч байгууллага албан тоот явуулдаггүй. ЗГХЭГ-ын 349 гэсэн хуурамч бланкийг хийсэн байна лээ. Миний гарын үсэгтэй жинхэнэ оргинал албан бичиг өмнөх өдөр нь явсан.
Тамганы дардас хүртэл буруу, миний гарын үсэг баасан гарагт ямар явсан албан тоот дээр ямар байгааг харьцуулж хараарай. ХЭГ-ын 349 тоот албан бичиг нь ямар албан тоот байсан бэ гэхээр У.Бямбасүрэнгийн яамдуудад явуулсан албан бичиг байгаа. З.Энхболд хуурамч бланктай, хуурамч баримт бичгийг үндэслэн өчигдөр худлаа мэдээлэл өглөө. Эрдэнэс Тавантолгой компанийн Хятадын компанитай хийсэн гэрээ гэдэг нь ч худлаа. Энэ бол Эрүүгийн гэмт хэрэг шүү” гэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга байсан хүн хүртэл эвлүүлэг хийгээд явж байгаад харамсч байна хэмээлээ.
З.Энхболдын тараасан албан бланкад Ерөнхий сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулсан гэж байгаа. Гэтэл Ерөнхий сайд нэг жил 878 ширхэг албан тоот гаргахгүй ээ. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж иргэдийн тархийг угаах гэж байгаа энэ үйлдэлд Эрүү үүсгэх ёстой гэсэн юм. Улмаар шүүхэд өргөдөл өгөхөөр болжээ.
Хуралдааны дараа сэтгүүлчид түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Та БНХАУ-д албан ёсны айлчлал хэдэн удаа хийв. Нууц биш бол ямар асуудлаар явсан бол. Энэ айлчлалд “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд явсан гэх мэдээлэл бий?
-ЗГХЭГ-ын дарга болсноосоо хойш хоёр удаа БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Нэгдүгээрт, Эрдэс баялгийн эрчим хүчний дэд бүтцийн зөвлөл гэж байдаг юм. Монголын талаас ЗГХЭГ-ын дарга толгойлдог, Хятадын талаас Хөгжил шинэчлэлийн хорооны дарга нь толгойлдог. Энд уул уурхай, зам тээвэр, эрчим хүчний чиглэлээр хоёр улс дээрх чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах вэ, юунд хөрөнгө оруулах вэ гэдгийг шийддэг зөвлөл.
Энэхүү зөвлөлд Уул уурхайн сайд, Зам, тээврийн сайд, Эрчим хүчний сайд ордог. Энэ сайд нартайгаа хамт, мөн холбогдох Эрдэнэс Монгол компани, Эрдэнэс Тавантолгойн удирдлагуудтай, Замын болон эрчим хүчний төрийн өмчит компанийн удирдлагуудтай хамт одоогоос хоёр сар гаруйн өмнө БНХАУ-д очиж, албан ёсны хоёр дахь хурлыг хийсэн. Энэ талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд хэлж байсан. Хоёр улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан албан ёсны уулзалтыг зохион байгуулсан.
Хятадын Коммунист намын дарга Ли И Шиан дарга манай улсад ирсэн. Тэр үед Монгол Улсын төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг Шанхайн Бутаны академид үнэ төлбөргүй суралцуулах асуудлаар миний бие гарын үсэг зурсан. Нийт 300 гаруй хүнийг 10 ээлжээр суралцуулахаар санамж бичигт заасан байгаа. Үүний нээлтийг хийх гэж хоёр дахь удаадаа Шанхайд айлчилсан. Хоёр орны хамтын ажиллагаа, хоёр улсын Гадаад харилцааны яамаар дамжуулж арга хэмжээнд оролцсон.
-“Эрдэнэс Тавантолгойн” захирал Ариунболдтой таныг найз. Найзыгаа албан тушаалд томиллоо гэх шүүмжлэл гараад байгаа?
-Д.Ариунболд бид хоёр чинь яаж найзлах вэ дээ. Би чинь 37, 38-тай, энэ хүн чинь 47, 48-тай хүн. Хууль зөрчсөн, хулгай хийсэн зүйл байдаггүй болохоор үнэнээ хэлчихдэг гэмтэй. Бид хоёр хэзээнээс танил болсон бэ гэвэл энэ хүн “Монцамэ” агентлагийн даргаар ажиллаж байсан. Би “Монголын Үнэн” сонинг удирдаж,өдөр тутмын сонины холбоог удирдаж байхдаа танилцсан. Бид МАН-ын гишүүд. Намын үйл ажиллагаанд хамтдаа оролцож, сөрөг хүчин байхдаа жагсаал цуглаан хийгээд явж байсан. Түүнээс биш ах дүү, амраг садан, мафи бүлэглэл байхгүй. Надад тийм хүмүүс байхгүй.
..Хэвлэл мэдээлээр яригдаж буй ноцтой асуудал тухайлбал, БНХАУ-д ажиллахдаа 20 сая долларын хахууль авсан эсэх, Эрдэнэс Тавантолгойн нүүрсний борлуулалтаас ашиг хүртдэг эсэх талаар сонирхож байсан ч тодорхой хариулт өгсөнгүй.