Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох Хоёр дахь шатны санал хураалт орон даяар 07 цагт эхэллээ.
Зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль улсын хэмжээнд болсон. Сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ч тэдгээр нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул манай улс анх удаа дахин санал хураалт явуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрлэсэн юм.
Хоёр дахь шатны санал хураалтад сонгогчдын нэрсийн жагсаалтад өөрчлөлт орохгүй, өөрөөр хэлбэл эхний шатны санал хураалтад оролцсон 1,9 сая иргэн саналаа өгөх эрхтэй. Харин өмнөх санал хураалтаар хамгийн олон санал авсан МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар энэ удаад өрсөлдөх юм.
Энэхүү санал хураалт гурван шатлалаар явагдсан гэхэд болно. Энэ сарын 4-5-нд хилийн чанад дахь монголчууын дунд, энэ сарын 6-нд зөөврийн битүүжилсэн хайрцгаар иргэдийн саналыг авсан бол өнөөдөр бүх нийтээр сонгуульдаа оролцож, дээрх хоёр нэр дэвшигчийн төлөө иргэд саналаа өгөх нь.
Тус санал хураалтаар сонгогчдын ирц 50-аас дээш хувьд хүрсэн байх ба хоёр нэр дэвшигчийн хэн нэг нь 50+1 санал авсан байх ёстой. Хуулиар заасан энэхүү босго хангагдахгүй бол 7 хоногийн дараа нэмэлт санал хураалт, нэмэлт санал хураалт хүчингүй болвол дахин санал хураалт явуулах болно. Энэ тоолонд манай улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө зарцуулах юм.
Иймд Сонгуулийн Ерөнхий хороо иргэд сонгогчдыг санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байна. Хоёр дахь шатны санал хураалтад Засгийн газрын нөөц сангаас 7,4 тэрбум төгрөг гаргаж, СЕХ санал хураалтын бэлтгэл ажлыг богино хугацаанд хангасан.
Хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр 22 цагаар тасалбар болно.