Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Өнгөрсөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрх зүйн орчныг бүрдүүлж сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, боловсон хүчний бэлэн байдлыг хангаж мэргэшүүлэх үндсэн 4 чиглэлээр нийт 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээс 47 хувийн биелэлттэй байна.
Монгол Улсын Засгийн газраас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах мэдлэг мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа хэдий ч төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай бус байна гэдгийг Шадар сайд дүгнэлээ.
2019 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээр манай орны нутаг дэвсгэрийн 76 хувь газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд оржээ. 2020 оны эхний найман сарын байдлаар их бага хэмжээгээр 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн нь газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудын хэвийн ажиллагааг эрчимжүүлж, шинэ техник технологийг ашиглаж аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээгээ бүх түвшинд эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэрээр тодотгон хэлсэн юм.
Иймд Барилга хот, байгуулалтын сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулж, салбар хоорондын уялдааг ханган үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт биелэлтийг хангуулах, сүүлийн үеийн шинэ техник технологийг нэвтрүүлж зарлан мэдээллэх станцуудыг шинэчилж сайжруулах чиглэлээр нарийвчилсан судалгаа тооцооллыг хийж, Газар хөдлөлтийн мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх журмыг эцэслэн боловсруулж дуусгахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг өглөө.
УОК-оос газар хөдлөлтийн мэдээллийг ард иргэдэд шуурхай дамжуулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэн ОБЕГ-ын Шуурхай Удирдлагын Зарлан мэдээлэх төвд дамжуулах системийг бүрдүүлж өнгөрсөн 4 дүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлжээ. 4 дүгээр сарын 1-нээс хойш 3,5-аас дээш хүчтэй 58 удаагийн газар хөдлөлтийн мэдээллийг ОБЕГ-т ШУЗМТ-д илгээсэн байна.
Монгол орны хувьд газар хөдлөлтийг бүртгэх станц хоорондын зай 250-300 км байгаа нь тухайн газар хөдлөлт дараачийн станцад 40-50 секундын дараа бүртгэгдэж байна. Сүүлийн үед хүчтэй газар хөдлөлтүүд нийслэл хотод мэдрэгдэж байгаа тул олон улсын жишгээр томоохон хот суурин газруудад чичирхийллийн хурдатгал бичигч багаж суурилуулан судалгаа хийх шаардлага тулгарчээ. Ялангуяа Улаанбаатар хотод хурдатгал бичиг багаж байдаггүй бөгөөд нийслэл хотын сав газарт чичирхийллийг бүртгэх 10 акседдерометрийн станцын тоног төхөөрөмжийг байгуулах, газар хөдлөлтийн зарлан мэдээлэх станцуудыг шинэчлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай байгааг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл хэллээ.
Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-аас газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх 3 станцыг худалдан авах тендер зарлагдаж хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд цаашид аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ байгаа газар хөдлөлтийн станцуудыг хариуцаж хэвийн ажиллагааг хангах үүргийг Шадар сайд өглөө.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар газар хөдлөлт мэдрэгдсэн 12 аймгийн 960 барилга байгууламжид газар хөдлөлтийн нөлөөлөл ямар байдлаар илэрч байгааг нь хяналт тавихад 570 барилгад эвдрэл гэмтэл үүссэн, 210 барилгад шинээр эвдрэл үүссэн байгааг тогтоожээ.
Мөн сургууль цэцэрлэг, эмнэлэгт эрдслийн үнэлгээг хийхэд орон нутагт 1834 барилга, нийслэл хотод 7152 барилга байгууламж эрсдэл ихтэй байгаа аж. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, бүртгэх паспортжуулах ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд ингэснээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжуудын мэдээллийн нэгдсэн сан үүсэх боломжтой гэдгийг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал хэллээ.