Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн Яармагт байрлах “Шинэ өргөө” хотхоны иргэдийн хүсэлтийн дагуу тухайн хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дахин өөрчлөх үүрэг, даалгаврыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт өглөө.
“Шинэ өргөө” хотхон нь 1000 гаруй оршин суугчтай бөгөөд 2013 оноос баригдаж эхэлжээ. Энэхүү хотхоны барилгын төлөвлөгөөнд анх 70 хувь нь ногоон байгууламж, 2-3 хүүхдийн тоглоомын талбай, агаар солилцоо, нарны тусгалын зохистой түвшинд, мөн сургууль, цэцэрлэгтэй, цагдаагийн газартай байхаар заасан байж.
Гэвч 2014, 2015 онуудад тухайн үеийн нийслэлийн удирдлагуудаар хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан, тоглоомын талбай, ногоон байгууламж байрлах газарт орон сууц, оффисийн барилга барихаар өөрчлөн батлуулсан байжээ. Энэхүү үйлдэл нь тухайн хотхонд оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж нийслэлийн Засаг даргад хандсан байна.
Шинэчлэн батлуулсан төлөвлөгөөний дагуу зарим байрны нарны тусгалыг хааж, барилгын норм, дүрмээр тогтоосон зайг зөрчин орон сууцны барилга барихаар суурийн ажлыг эхлүүлээд байсан аж. Хотхоны 619, 620 дугаар барилгуудын хооронд бизнесийн зориулалттай барилга дахин барихаар төлөвлөсөн байжээ.
Үүсээд байгаа нөхцөл байдлыг судалж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны 11 дүгээр сард гаргасан “Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж”-ийнхаа хүрээнд “Шинэ өргөө” орон сууцны хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөрт багтаан өөрчлөлт оруулж, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлыг тусгахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо.
Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагын хүрээнд цаашид орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын дагуу хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж болон шаардлагатай бусад тохижилтыг тусгаж байхыг Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвөлгөөний газарт үүрэг болгосон байна.
Хотын дарга С.Батболд “Нийслэлийн удирдлагууд хотын иргэн бүрийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангахад гол анхаарлаа хандуулах учиртай” хэмээгээд анх барилга барих зөвшөөрөл авахдаа сайхан төлөвлөлт хийж барилгын ажлаа эхлүүлээд дунд нь төлөвлөгөөгөө өөрчилдөг, хэтэрхий өндөр ашиг орлого олох сонирхолдоо хөтлөгдөн норм нормативаа барихгүй байх явдалтай хатуу тэмцэж ажиллах хэрэгтэй гэдгийг Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт хатуу анхааруулж байсан юм.