Малчдын улсын зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр тусгасан олон ажлыг малчид, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж улмаар цаашид орон нутагт хэрэгжүүлэх юм. Мөн түүнчлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдэд малчдаас санал авч, хуулийн төсөлд тусгуулах аж.
Малчдын зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Малын тоо толгой жилээс жилд өсөж байгаа ч үүнийг дагаад бэлчээрийн даац хэтэрч малын үүлдэрлэг байдал алдагдан, ашиг шимийн гарц багасаж байгаад анхаарлаа хандуулах цаг болжээ. Салбарын яамнаас 2017 оныг “Малын чанар сайжруулах жил” болгон зарлаж орон нутгийн мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, мал аж ахуй эрхлэгчтэй хамтран тодорхой ажлуудыг хийж эхлүүлээд байгааг хэлэхэд таатай байна. Мөн малын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгож, цөм сүргийн мал, үржилд ашиглаж буй хээлтүүлэгчийн бүртгэлийг төр хариуцдаг, хүнсний зориулалтаар болон зэх зээлд нийлүүлж буй таваарын малын бүртгэлийг өмчийн эзэн хариуцдаг зарчимд шилжүүлнэ” гэсэн юм.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгээс цөөн асуултад тодруулга авлаа.
-Малчдын улсын зөвлөгөөнөөр малчдынхаа үгийг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудал болоод төр засгаас хийж хэрэгжүүлэх бодлогын асуудлыг ярьж байгаагаараа онцлогтой гэж харж байна?
-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр, малын удам угшлыг сайжруулах, Малын эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад төр засаг, малчин хоёр яаж хамтарч ажиллах юм гэдэг чиглэлээр малчидтайгаа зөвлөлдөж байгаа юм. Монгол төрийн бодлого, манай яамны зорилго малчдаа ажилтай, орлоготой болгох, малаас гарч буй түүхий эдийг сайн борлуулах, борлуулсан орлого нь малчдын амьдралд тус дөхөм болгох явдал юм. Үүний төлөө Засгийн газар ажиллаж байна. Мөн малчин хүний үүрэг оролцоо ямар байх юм гэдгийг ч ярьж байна.
-Мал эрүүлжүүлэх асуудлаар салбарын яам хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд малчид энэ тухай их ярих болсон. Бид татвараа төлье гэдэг дээр саналаа хэлж байна. Малыг эрүүлжүүлэх нь өөрөө их цогц асуудал. Иймд бид тогтолцооны хувьд өөрчилье гэж байгаа. Улсын мал эмнэлгийн ерөнхий газар гэдэг тусдаа нэг байгууллагатай болж, босоо удирдлагатай, нэгдсэн нэг хяналт, хариуцлагатай болох асуудал чухал. Мөн малын эрүүл мэндийг хамгаалах вакцины асуудал байна. Олон улсын шаардлага нийцсэн, маш чанартай вакциныг оруулж ирэхэд анхаарч ажиллаж байгаа. Түүнээс гадна Биокомбинатын өргөтгөлийн чиглэлээр Унгарын Засгийн газартай 25 ам.долларын төслийг эхлүүлэхээр ажиллаж байна.
Малчдын улсын зөвлөгөөнд 21 аймгийн 330 сумын 800 гаруй малчид, фермерүүд орон нутгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байгаа юм. Тэдний төлөөллөөс малчидад тулгамдаж буй өнөөгийн асуудал, төр засаг юунд анхаарч ажиллах ёстой талаар саналыг нь сонслоо.